Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий. Судалж үзсэн

timelive.mn 2023-11-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Төрийн албан хаагч нар долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллаж болно гэсэн өөрчлөлт орж ирж байна. Хэчнээн төрийн албан хаагч хамрагдах вэ?” хэмээв.

Түүний асуултад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Цар тахлын үеийн зохицуулалтыг бид хийж үзсэн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг зайнаас ажиллах журмаар хоёр жил ажиллуулж байсан. Тиймээс ийм боломж бидэнд байгаа гэдгийг хэлмээр байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй 3,000 албан хаагчийн хувьд өмнөх шиг ажиллуулах талаар судалсан. Бусад төрийн байгууллагын тухайд тооцоо судалгаа гараагүй байна” хэмээв.