PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий лигийн шатны “Ногоон хэсэг”-ийн тоглолтууд өчигдөр Малайз улсад боллоо.
Тус тэмцээнд манай улсын Stalwart esports баг гуравдугаар байр эзэлж Дэлхийн аваргын “Grand final”-д тоглох эрх авлаа. Мөн 38,000 ам.долларын шагналыг хүртэв. Stalwart esports багийн тоглогчид 2021 оноос хойш нийт нэг сая ам.долларыг PUBGM тоглоомын төрлөөр олоод байна.
PUBGM тоглоомын ДАШТ нь лигийн болон шилдэг 16 багийн “Grand final”-ийн тоглолтууд гэсэн хоёр шаттай зохион байгуулагддаг.Лигийн шатанд дэлхийн улс орнуудын шилдэг 48 баг гурван хэсэгт хуваагдан тоглож эхний гурав нь цааш өрсөлддөг.
Харин гурван хэсгийн 4-11 дүгээр байрт шалгарсан 24 баг “Survival Stage”-д тоглож 16 нь “Last chance” шатыг зорьдог. “Last chance” шатнаас эхний таван баг нь “Grand final”-д шалгарах юм.
Лигийн шатанд манай улсаас Stalwart esports, 4 Merical vibes, NB esports, IHC esports гэсэн дөрвөн баг оролцож байгаа. NB esports баг “Улаан хэсэг”-т багтсан бөгөөд энэ долоо хоногийн дөрөв дэх өдрөөс тоглолтууд нь эхэлнэ. Харин 4 Merical vibes, IHC esports багийн тоглолтууд дараа долоо хоногоос эхлэх юм.
0 cэтгэгдэлтэй