Б.Өнөбат: Яармагийн айлуудын зэвтэй усны асуудал бий. Төв магистраль шугамыг солиход шаардагдах ₮6 тэрбумыг ирэх оны төсөвт суулгана уу

timelive.mn 2023-11-13

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ. Тухайлбал,

Төлөөлөгч М.Говьсайхан: Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа доголдоход газар чөлөөлөлтийн асуудал удааширдаг. Хоёрдугаарт, хэрэгжилтийн явцад алдаа гарах буюу төлөвлөсөн сургууль, цэцэрлэг болон бусад нийгмийн дэд бүтцийн асуудал баригдахаа больдог. Мөн төсөл хэрэгжүүлэх компанийн санхүүгийн чадамжгүй байдал нь төслийг удаашрах, зогсох нөхцөл болж байна.

Эцэст нь дэд бүтцийн асуудал үүсдэг. Тиймээс Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэж гэр хорооллыг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс 158 га гаруй талбайд хэрэгжүүлэх Сэлбэ дэд төв төслийн ТЭЗҮ болон зураг төслийг боловсруулах 3.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгаж өгнө үү.

Төлөөлөгч Ү.Оюунзул: Бид хүүхдийн автобусны зардлыг дараа жилийн төсөвт тусгаад, автобус оруулж иртэл сурагчид, хүүхдүүд маань энэ өвөл даарна. Тиймээс энэ асуудлыг бид яаралтай шийдвэрлэхийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг дээр хүүхдийн автобусны судалгааг холбогдох газраас авахыг хүсэж байна. Улмаар үүн дээр яаралтай арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зарим хороодыг хуваасан. Хуваасан хороодын байр, өрхийн эмнэлэг зэрэг төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг хэрхэн хүргэх вэ.

Төлөөлөгч Б.Өнөбат: Яармаг орчмын бүсийн айл өрхүүдийн зэвтэй усны асуудал сүүлийн 2.5 жил ярьж байна. Төв магистраль шугамыг нь солиход шаардлагатай 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөөрэй. Мөн Яармагт 2011 оноос хойш нэг ч сургууль, цэцэрлэг барьж байгаагүй. Одоо л нэг сургууль, хэд хэдэн цэцэрлэг барьж байгаа. Эдгээр ажлыг хурдтай урагшлуулахад Хотын дарга анхаараарай.

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Улаанбаатар бонд гаргаж, Сэлбэ сэргэлт төсөл болон утаагүй түлшний асаагуурын асуудлыг шийдвэрлэх үүргийг Засгийн газраас нийслэлд өгсөн. Бид хүлээсэн үүргээ биелүүлсэн шүү гэдгийг Засгийн газрын түвшинд хотын дарга хэлэх хэрэгтэй. Олон улсын бонд гаргана гэдэг хэцүү. Хэрэв олон улсад бонд гаргахаар шийдэж байгаа бол эртнээс төлөвлөж, бэлдээрэй гэж хэлмээр байна. Шинэ түлшний хувьд дангаараа асуудал шийдэхгүй.

Давхар зуухаа шинэчлэх шаардлага үүснэ. Тиймээс хэсэг хэсэг газарт нэг мөр түлш, зуухтай нь шийдэх саналыг гаргаж байна. Сэлбэ сэргэлт төслийн хувьд богино хугацаанд, үр дүнгээ өгөх төсөл байсан. Тиймээс энэ төслийг татаж, хэрэгжүүлэхийн төлөө ажилларай гэж хэлье.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 17 буюу ирэх Баасан гарагт хийхээр боллоо.

 

Эх сурвалж: НИТХ