Ж.ШИЖИР: Монголд бизнес хийнэ гэдэг бол алаан байхгүй юу?

timelive.mn 2023-11-14

Хүмүүс намайг “Амжилт”-ийн Шижир гэдэг уг нь бол Жаргалсайханы Шижир юм. Амжилт гэдэг нь миний хүүгийн нэр бөгөөд хүүгийнхээ нэрээр бизнесээ нэрлэсэн. 2007 оноос хойш хүүгийнхээ нэрээр овоглогдож явна. Манай компани amjilt.com гэх сайтаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тухайн үед amjilt.com сайт даа кино, дуу байршуулж маш өндөр хандалттай болгож байсан. Гэвч оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж буй муухай үйлдэл гэдгийг цагийн аясаар мэдэрч хэвлэл мэдээллийн сайт болгон хөгжүүлж эхэлсэн юм. Хэвлэлийн салбарт орж баримттай мэдээллүүд бэлтгэж эхэлснээр тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн талаарх хөдөлшгүй бодит баримтыг олонд дэлгэсны улмаас сайтаа нэг жил гаран хаалгуулж байсан түүхтэй. Энэ хугацаанд бид мөнгөн дүн болон сэтгэл санаагаар үнэлж баршгүй алдагдалд орсон юм. Бидний дэлгэсэн баримт үнэн байсан учир гурван шатны шүүхээр давж заалдан ялалт байгуулж чадсан. Гэвч улс төрчийн увайгүй үйлдлээс болж бүтэн нэг жил ажиллагаагүй байсан сайт маань буцаж сэргэхдээ маш их цаг хугацааг зарцуулсан. Тиймээс amjilt.com сайтаа олон жил бодож зорьж явсан боловсролын платформ   болгож хөгжүүлсэн.

2010 оноос хойш туршиж хөгжүүлж ирсэн  amjilt.com платформоо 2019 оноос зах зээл дээр борлуулж эхэлсэн. Товчхондоо их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, боловсролын төв, коллеж гээд боловсролын салбарын бүхий л байгууллага хэрэглэж болохуйц платформ болгосон. Хэрэглэхэд маш энгийн хялбар учир өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хэрэглэгчтэй болоод байгаа. Одоо манай платформыг албан байгууллагууд хүртэл хэрэглэдэг болсон. Ажилчдын цалин, ирц, хүний нөөц, ажил төлөвлөлт, санхүү,борлуулат,орлого зарлага гээд байгууллагын бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдсэн.Ресторан, паб, лаунж,эмнэлэг хүртэл хэрэглэж болохоор постой болсон. Арван зургаан жилийн турш энэхүү платформаа хөгжүүлсээр анхны хувилбараасаа тэс өөр болж нэр, лого нь л хэвээр үлджээ. Компани үүсгэн байгуулж тогоонд нь чанагдаж яваа хүний хувьд хүний нөөцөө тэлэхийн хэрээр өөрийгөө  мөн хөгжих  хэрэгтэйг голдоо ортол ойлгож байдаг чадлаараа хөгжихийг хичээж  хичээсээр байгаа. Программистуудаа хэрхэн удирдах уу?, маркетингаа хэрхэн хийх үү?, санхүүгээ хэрхэн тооцоолох уу?, зах зээлд хэрхэн нэвтрэх вэ?, хүний нөөцөө хэрхэн тогтворжуулах уу? гээд олон зүйлийг сурч мэдсэн боловсорсон жилүүд байлаа.

НДШ 26% , ХХОАТ 10%,  НӨАТ 10% татвар төлөөд дээр нь ИНФЛЯЦ 14% (инфляц бол хуульчлагдаагүй татвар) Ингээд бусад татваруудыг тооцохгүйгээр нийт орлогынхоо 60%-ийг төрд дээрэмдүүлдэг. Нэг хүн жилдээ ойролцоогоор 7 сарын турш төрийн төлөө ажиллаад 5 сар өөрийнхөө төлөө ажилладаг гэсэн үг! Нэг үгээр хэлбэл Монголд бизнес хийнэ гэдэг бол алаан байхгүй юу? Ийм нөхцөлд үсээ халзартал ажиллаж байна даа.

Харилцагч байгууллагууд маань хэрэглэхэд хялбар, үнэ хямд байна гэсэн урмын үгийг их хэлдэг. Энэ урмаар л өдийг хүртэл явж байна даа. Бид amjilt.com платформдоо нэгэн шинэ зүйлийг нэвтрүүлж байгаа. Яг л тикток, инстаграмм зэрэг аппууд дээр хүмүүс ажиллахдаа кайфыг мэдэрдэг шиг. Байгууллагын ямар ч түвшний ажилтан amjilt.com дээр ажиллах бүртээ кайфыг мэдэрч байх хөгжүүлэлтийг хийж өгч байгаа.

Мөн манай компанийн “Амжилт кибер” сургууль Казахстан улсад салбар сургуулиа нээсэн. Үүгээрээ дамжуулаад бид тус улсад amjilt.com -оо зах зээлд нэвтрүүлэхээр болсон. Цаашлаад бид дэлхийн зах зээлд платформоо нэвтрүүлж нэг тэрбум хэрэглэгчтэй болохоор зорилго тавин тасралтгүй хөгжүүлэлтээ хийж байна. Үүний тулд би болон манай баг хамт олон дэлхийн хэмжээний мэдлэг чадварт хүрсэн боловсон хүчин болохоор хичээн ажиллаж байна. Бид өөрсдийн институтээр дамжуулан хүний нөөцөө бэлдэж, сургаж авах урт хугацааны алсын харааг зорилгоо болгон ажиллаж байна. Монголчууд л гэхээрээ дэлхийд данстай ганц IT-гийн компанигүй байж болохгүй. Бид анхдагч болохоор “Амжилт ” нэрээ бататгахаар анхны алхмуудаа хийгээд явж байна. Энэ том зорилго, алсын хараа бол зөвхөн манай компани гэхгүй IT сонирхдог маш олон залуучуудад зам нь болно гэдэгт итгэж байна.