Хордсон сурагчдын шинжилгээний хариу гарч, Л.Энх-Амгалан сайдыг цагдаад өгчээ

timelive.mn 2023-11-16

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 09-р сарын 21, 10-р сарын 12-ны өдөр 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар гэх зургаан байгууллагад шинжээч томилсон. Шинжилгээний хариуг энэ сарын 10-ны өдөр сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулжээ.

Тодруулбал, холбогдох байгууллагуудын хордсон хүүхдүүдээс авсан шээс, цусны шинжилгээгээр хүүхдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин агаарын дээжнээс авсан шинжилгээг хийх лаборатори Монгол улсад байдаггүй тул гаднын улс руу явуулсан, хариуг нь хүлээж байгаа хэмээн эцэг эхчүүдэд мэдэгджээ.

Гэтэл 10-р сарын 27-ны өдөр хүүхдүүдийн хордлогын албан ёсны хариу гараагүй байхад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан” хэмээн мэдэгдээд өнөөг хүртэл тайлбар өгөөгүй юм. Тиймээс эцэг эхчүүд сурагчдын нэр хүнд, хүүхдийн эрхэд халдсан Л.Энх-Амгалан сайдыг албан ёсоор мэдэгдэл хийж, уучлалт хүсэхийг шаардаж ЦЕГ-т ханджээ.

 

 

Хэргийг эргэн сануулахад 18-р сургуулийн 6в ангийн сурагчид сургуулийн хүртээмжгүй асуудлаас болж “Монгол бизнес” дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэж байх үеэрээ анх хордсон. Тодруулбал, хүүхдүүд “Ангид ороход л шал, паарны завсраас муухай үнэр үнэртээд байсан. Эхний цаг дээр тэвчиж байгаад хоёрдугаар цаг дээр Нийгмийн хичээл орж байхад багшдаа хэлэхэд багш огт тоогоогүй. Тэгээд гуравдугаар цагаас Орос хэлний багшдаа хэлж байж ангиас гарч, салхилж эцэг эхээ дуудсан” хэмээн мэдэгдэж байсан.

Мөн 6в ангийн хичээл өдрийн ээлжинд ордог бөгөөд өглөөний ээлжийн 8-р ангийн сурагчид ч гуравдугаар цагаас нь эхлээд эвгүй үнэр үнэртэж байсан гэдгийг хэлсэн. “Монгол бизнес” дээд сургуульд шалгалт явуулах үеэр агааржуулалтын хоолой нь бөглөөтэй байсан тухай ч эцэг эхчүүд ярьсан.

Харин хүүхдүүд хоёр дахиа хорддог 10-р сарын 12-ны өдөр хот даяар эвгүй үнэр түгж, хүмүүсийн дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг элбэг тохиолдсон. Эл өдөр хүүхдүүд тэмцээний бэлтгэл хийж гадаа өдөржин гүйж харайснаас болж өмнөх хордлого нь сэдэрсэн ч байж болно гэдгийг эцэг эхчүүд хэлж байсан юм.

18-р сургуулийн өргөтгөл хийгдэж байгаа тул 6в ангийн сурагчид одоо сургууль дээрээ 7 хоногоор ээлжлэн цахим, танхимаар хичээллэж байгаа аж.