Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж хорих ялаар шийтгүүлсэн хүн улсын хэмжээнд нэг байна

timelive.mn 2023-11-16

Цагдаагийн алба хаагч цахим мөрийтэй тоглоомд оролцсон байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Мэдээллийн дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзориг “Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчийн нэр дурдагдаж, мэдээлэл гарсанд харамсаж байна. Цагдаагийн байгууллагаас дотоод хяналт шалгалтаар мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт алба хаагч холбогдсон эсэхийг шалгаж байгаа.

Монгол Улсын хуульд зааснаар шүүхээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байхад хүнийг нэр, зураг, ажил, албан тушаалыг нийтэд мэдээлэх нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг хуулиудыг зөрчсөн асуудал болдог”.

ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Аравдугаар сард цахим мөрийтэй тоглоом тоглуулсан асуудлыг шалгах явцад цагдаагийн алба хаагч бусдын нөлөөнд автаж, шан харамж авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн. Шалгах ажиллагааны явцад тухайн этгээдийн гэм буруутай асуудлыг шийдвэрлэх, АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийг ажлаас нь түдгэлзүүлж шалгах эсэхийг прокурор шийдвэрлэнэ.

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн данс дахь 4.6 тэрбум төгрөгийг царцаасан. Мөрдөн шалгах ажиллагааны тоо баримтыг мэдэх боломжгүй”.

Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт шүүхээр шийдэгдэж, хорих ял авсан нэг хүн байна. Бусад нь хорихоос өөр төрлийн ял, торгуулийн ял шийтгэл авсан. Торгуулийн хувьд 450-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байна.

Цагдаагийн алба хаагч шан харамж авсан бол авлигын хэрэг, хариуцлага хүлээлгэх зүйл анги нь өөр болно.

Торгуулсан этгээдүүд дахин мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл гаргаж, шалгагдаж байна.

2020 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2,715 дансыг царцаасан” гэсэн мэдээллийг өглөө.