Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
“Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч энэ сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтох эрсдэл үүсэж болзошгүй байна.
Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж, аймаг, сумдад отор нүүдэл хийх шаардлагатай байгаа айл, өрхүүдийн судалгааг гаргах,
тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгасан юм.
Тэрбээр “Мал, мах бэлтгэлийн ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахын тулд Биржийн үйл ажиллагааг бүсчилсэн маягаар орон нутгуудад явуулж, малчид иргэд мал махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангах хэрэгтэй. Мөн нийслэлд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангах тал дээр анхаарч, техникийн зохицуулалтаа дагаж мөрдөх нь нэн чухал” гэв.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй