Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны дутагдал, гэмт хэргийн шинжтэй зөрчил байхгүй

timelive.mn 2023-11-21

Цэргийн алба хаагчид удаа дараа амь насаа алдах харамсалтай явдал гарах болсон. Тухайлбал Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн алба хаагч амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага |мөрдөн шалгаж байгаа.

Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бид өөрсдийгөө өмгөөлж, иргэдэд хаалттай байх бодлого баримтлаагүй. Болсон процесс, үүнд авч байгаа арга хэмжээг нээлттэйгээр танилцуулж байгаа. Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн шинж чанартай зөрчил дутагдал байхгүй.

Нас барсан цэрэгтэй холбоотой эмнэлгийн болон хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна. Тухайн ангид алба хааж байсан, хугацаат цэргийн алба хаахаар очоод 20 орчим хонож байгаа алба хаагчдыг бүгдийг нь эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Зүрхний хэм алдалттай, ханиад, харшилтай, хатгаа авсан цэргийн алба хаагчид байсан. Таван цэргийн алба хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Эхнээсээ эмнэлгээс гарч байна.

Нас барсан цэргийн алба хаагчийн шалтгааныг бид одоогоор хэлж мэдэхгүй” хэмээв.

Түүнчлэн “Цэргийн албанд шинээр татагдаж буй залуучуудын хүмүүжил, сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн тал дээр анхаарах ёстой болсон. Цэргийн алба хаах гэж буй залуучуудын 30 гаруй хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагдаж байна” гэдгийг хэллээ.