Т.Баярхүү: 14 иргэнийг хайж байгаа нутаг дэвсгэрт цас их орсон тул техник, хүн хүч нэмэгдүүлсэн

timelive.mn 2023-11-23

Цасан шуурганд төөрсөн иргэдийн эрэн хайх ажиллагааны талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан байгалийн аюулт үзэгдэл ажиглагдлаа.

Энэ хугацаанд дөрвөн аймгийн хэмжээнд 308 иргэн төөрсөн, сураггүй алга болсон дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс, мэргэжлийн ангиуд болон зэвсэгт хүчний анги байгууллагуудаас техник хэрэгсэл, хүн хүч дайчлан ажиллаж эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан.

Өнөөдөр өглөө 10:00 цагийн байдлаар 294 иргэнийг олсон. Одоо 14 иргэнийг дөрвөн аймгийн есөн сумын хэмжээнд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Өчигдөр Шөнө Шадар сайд аймаг орон нутгийн удирдлагуудтай холбогдож, эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хүн хүч дайчлах ажлуудыг нэмж зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу аймгууд холбогдох арга хэмжээг авч байна.

14 иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд цас их орсноос тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, цаг хугацаа их зарцуулсан нөхцөл байдалтай байна. Тиймээс эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх нэмэлт техник, хүн хүчийг дайчлах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.