Энэ өвлийг цахилгааны сааталгүй давахын тулд 17:00-22:00 цагт шаардлагагүй гэрлээ унтраах хэрэгтэй

timelive.mn 2023-11-28

Манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас цахилгааны найдвартай, тогтвортой хангахын тулд хэмнэх шаардлагатай болоод байна.

Иймд мэргэжлийн байгууллагуудаас энэ өвлийг эрсдэлгүй давахын тулд 17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа билээ.

Яагаад ийм байдалд ороод байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа. 

“Цахилгаан станцад гэмтэл гарахад түүнийг нөхөж явуулах нөөц байхгүй”

Дулааны III цахилгаан станцын үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд “2023-2024 оны өвлийн бэлтгэл ажил бүрэн дууссан. Өвлийн их ачаалалдаа ороод явж байна.

Аливаа эрчим хүчний системд хүний дархлааны системтэй адил тогтворжилт буюу системд гарсан гэмтлийг эсэргүүцэх чадвар байх ёстой. Энэ тогтворжилтыг хангахын тулд цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар нь тултал ажиллуулж болохгүй. Тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой.

Гэтэл өнөөдрийн байдлаар цахилгаан станцад гэмтэл гараад зогсоож засварлах шаардлага гарах юм бол түүнийг нөхөж явуулах нөөц алга. Иймд эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай барьж ашиглалтад оруулах, ажиллаж байгаа цахилгаан станцууд эх үүсвэрээ өргөтгөж шинэчлэлт хийх шаардлага тулгарч байна.

Шаардлагагүй гэрлээ унтраах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ салгах зэрэг энгийн үйлдлийг оргил ачааллын үед олон мянган хэрэглэгч хийж чадвал бодитой хэмнэлт, үр дүн гарч энэ өвөл цахилгааны сааталгүй байх боломж бүрдэнэ” гэв.

“17:00-22:00 цагт цахилгааны хэрэглээ тулдаг учраас зарим хэсэгт хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг”

Диспетчерийн үндэсний төв ТӨХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатараас зарим хэсгээр шөнө оройн цагаар тог хязгаарлах тохиолдол байгаа эсэх талаар тодруулав. 

Тэрбээр “Зарим хэсэгт доголдол саатал гарсны улмаас тоггүй болохыг үгүйсгэхгүй. Тэр бүрийг хязгаарлалт хийж байна гэж ойлгож болохгүй. Энэ тохиолдолд яаралтай гэмтлийг засаж иргэдийн цахилгаан хангамжийг хангаж ажиллаж байгаа.

Одоохондоо ачааллаас үүдэж цахилгаангүй болсон тохиолдол харьцангуй бага байна. Гэхдээ хэрэглээ огцом өссөн буюу гарцаагүй тохиолдолд найдвартай хангахын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, бууруулалт хийх арга хэмжээг авдаг.

Ерөнхийдөө 17:00-22:00 цагаас бусад цагт цахилгаан тасалдахыг гэмтэл гэж ойлгох хэрэгтэй. Харин яг энэ цагуудад хэрэглээ тулсан учраас хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг. Цаашид нийтээр хязгаарлалт хийх эрсдэл байгаа. Станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа учраас гэмтэл гарахыг үгүйсгэхгүй” гэв.

Тогоо тохируулъя гэдэг нь тогоо салгахыг хэлээгүй. Зөв зохистой, ухаалаг хэрэглээтэй байхыг л уриалж байгаа юм гэдгийг албаныхан онцолж байлаа.