Орос эмэгтэйчүүдэд найман хүүхэд төрүүлэхийг Путин уриалав

timelive.mn 2023-11-30

Москва хотод болсон Дэлхийн Оросуудын Чуулган арга хэмжээнд үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын эмэгтэйчүүдэд олон хүүхэд төрүүлэхийг уриалжээ.

“Манай олон эмээ, элэнц эмээ нар долоо, найм, үүнээс ч олон хүүхэд төрүүлдэг байсан. Энэ сайхан уламжлалаа хадгалж, сэргээцгээе. Өнөр өтгөн гэр бүл нь Оросын бүх ард түмний амьдралын хэв маяг, хэм хэмжээ болох ёстой. Гэр бүл бол зөвхөн төр, нийгмийн үндэс биш, бас оюун санааны үзэгдэл, ёс суртахууны эх сурвалж юм” гэж Путин энэ үеэр хэлсэн байна.

Тэрбээр цааш ярихдаа “Оросын хүн амыг хадгалж, өсгөх нь бидний ойрын хэдэн арван жил, бүр цаашдын хэдэн үеийн зорилго байх болно. Энэ бол Оросын ертөнцийн ирээдүй, мянган жилийн түүхтэй, мөнхийн Оросын ирээдүй юм” гэжээ.

Сүүлийн хэдэн арван жилийн турш ОХУ-ын хүн ам хоргодож байгаа. Үүнийг Украины дайн, Өрнөдийн эдийн засгийн дарамт шахалт улам эрчимжүүлсэн юм.

Украины дайнтай холбоотойгоор 900,000 орчим хүн эх орноосоо дүрвээд байгаа. Үүнээс гадна 300,000 хүн Украины фронтод дайчлагдаад байна.

Эдгээрээс 50,000 орчим хүн амиа алдсан гэх тоог Оросын хэвлэлүүд энэ оны дундуур тооцоолж гаргасан байдаг.

Оросын 290,000 орчим тооны цэрэг Украины дайнд алагдаж, шархадсан гэх баримжаа тооцоог Их Британийн тагнуулын байгууллага өнгөрсөн аравдугаар сард танилцуулж байв.

Путин өөрийн засаглалын 24 орчим жилийн хугацаанд Оросын хүн амыг өсгөх янз бүрийн арга хэмжээ авч байсан ч үр дүн гараагүй юм.

Росстат статистикийн байгууллагын гаргасан сүүлийн тоо баримтаар одоо ОХУ-ын хүн ам 146,447,424 байгаа нь 1999 онд Путинийг засгийн эрх авч байх үетэй харьцуулахад буурсан тоо ажээ.

 

Эх сурвалж: Business Insider