Улсын Ерөнхий Прокурорын/УЕПГ/ газраас байгуулсан Авлигатай Тэмцэх Газар/АТГ/, Цагдаагийн Ерөнхий Газрын/ЦЕГ/ хамтарсан ажлын хэсэг төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгааг мэдээллээ.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжилжээ.
2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.
Тодруулбал улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн Тээврийн Газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагджээ.
Төсвийн хөрөнгөөр авсан БНСУ-ын “Daewoo” үйлдвэрийн 100 автобус нь техникийн үзүүлэлтийн хувьд зөрчилтэй байгааг иргэд мэдээлж байсан юм.
Нийслэлийн зүгээс эдгээр автобусыг хүлээж авахгүйгээ мэдэгдээд байгаа юм.
Төсвийн мөнгийг хэрхэн буцааж авах талаар Хотын дарга Х.Нямбаатар “Ногоон автобусны урьдчилгаанд 130 тэрбум төгрөг шилжүүлсэн. “Skywell” брэндийн цахилгаан 50 автобус авсан одоо явж байгаа. 50 ширхэг каунти автобусны гаалийн мэдүүлэг зөрсөн тул АТГ асуудлыг шийдвэрлэнэ.
Үүнээс гадна тендерийн баталгааны 11 тэрбумыг Сангийн яам “Тэнүүн-Огоо” компаниас татаж авсан. АТГ-аас тус компанийн дөрвөн гараашийг 54 тэрбум төгрөгөөр үнэлсэн ч компанийн зүгээс бусад хөрөнгийг үнэлээгүй гэсэн гомдол гаргасан.
Үндсэндээ бид 77 тэрбум төгрөгийн авлагад Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын/ШШЕГ/ үнэлгээнд үндэслэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг авч, үлдсэн хөрөнгийг нэхэмжлэн, төрийн хохирлыг барагдуулна” хэмээн өнгөрсөн сард мэдээлж байв.
0 cэтгэгдэлтэй