Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч ажиллаж байх үеийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна

timelive.mn 2023-12-4

“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат өнөөдөр болж байна.

Энэ үеэр шинжээч Тавантолгой ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдаж, хяналт шалгалтад тус компанийн үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдав.

Шинжээч нотлох баримт хангалтгүй байгаа талаар дараах зүйлсийг танилцууллаа. 

  • Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш нийт 3 удаа солигдсон. Хянан шалгах түр хороонд гаргаж өгсөн ерөнхий журнал хэрэгцээ шаардлага хангахгүй байсан тул “Интерактив Би Ай” ХХК-аас гаргуулан авч, хяналт шалгалтад ашиглалаа.
  • Тавантолгой ХК-д ажиллаж байсан зарим албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан 72 хадгаламжийн нэгжтэй танилцах боломжгүй байлаа. Тавантолгой ХК-ийн архивын бүртгэл, хадгалалт хангалтгүй, цахим архивт шилжүүлээгүй нь хяналт шалгалтын явцад хүндрэл бэрхшээл учруулж байлаа.
  • Тавантолгой ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд /тухайн онд хөдөлгөсөн уулын цул болон хөрс хуулалтын ажлын тоо хэмжээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл, олборлосон нүүрсний хэмжээ зэрэг/ компанид хадгалагдаагүй баримт материалыг гаргуулан авахаар хүсэлт гаргасан боловч 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан Ашигт малтмалын газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байлаа. Хянан шалгагч, шинжээч нар Үндэсний аудитын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг бусад гуравдагч эх сурвалжаас тайлан, мэдээ зэргийг нэмэлт нотлох баримт гаргуулан авч ажилласан болно.
  • Мэдээлэл, баримт материалын иж бүрдэл хангалтгүй, цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тус компанийн 2013-2022 оны үйл ажиллагааг хамруулсан болно.

Нотлох баримт яагаад дутуу байгаа талаар тус компанийн гэрч н.Шүрэнцэцэг “Бид 2011 он хүртэлх бүх баримтуудаа аймгийн архивт өгсөн. 2011 оноос хойш компанидаа хадгалдаг болсон” гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “2011-2014 он хүртэлх бүх чухал тайлангууд байхгүй байхад сонсгол бодит байх боломж байгаа юу?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч ажиллаж байх үеийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна. Өөрөө устгачихсан юм уу гэсэн байдал харагдаад байна. Баримт материалын бүрдэл ирүүлээгүй гэсэн хэсгийг харахад энэ байгууллага мөн үү? Үүнийг устгачихсан юм уу” гэв.

Хариуд нь Шинжээч “Бид ирүүлсэн материалын хэмжээнд буюу  2013-2022 оны баримтын хэмжээнд бэлтгэж танилцуулахаар бэлдсэн. 2011-2014 он хүртэлх материалыг ирүүлээгүй байгаа учраас хамруулах боломжгүй байна.

зураг

Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаас

зураг