Орон нутгийн замд гарсан олсын улмаас хоёр иргэн нас баржээ

timelive.mn 2023-12-4

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины эд ангид дөрвөн хүн хавчуулагдан гэмтэж, хоёр хүн нас барсан тухай дуудлага өчигдөр оройн 17:04 цагт Онцгой байдлын албад иржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

Улмаар “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байна. Ийнхүү тус дөрвөн зорчигчийг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очин эмнэлэгт хүргэжээ. Улмаар “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г/54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн хоёр, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын нэг автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ