Компанийн засаглалын тогтолцоо, комплайнсыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой хөгжлийг, цаашлаад санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангагч суурь нөхцөл мөн. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудад компанийн засаглалын тогтолцоог сайжруулах, комплайнсын үр дүнтэй хяналтыг нэвтрүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн их сургууль болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ-тай хамтран “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийн удирдлага” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж, “Хороо 2007 онд “Монгол Улсын компанийн засаглалын кодекс”-ийг анх баталж байсан бол 16 жилийн дараа буюу өнгөрсөн онд шинэчилсэн. Улмаар энэ онд кодексийн хэрэгжилтийг үнэлж, салбарын зэрэглэл тогтоох ажлыг зохион байгуулсны үр дүнд зохицуулалттай нийт гурван салбарт кодексийн хэрэгжилт дунджаар 14.1 хувиар өссөн бол хувьцаат компаниудын үнэлгээ 17.1 хувийн ахиц дэвшлийг үзүүлээд байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь нэг талаас, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжийн хэрэгжилтийг баталгаажуулах, ахиулах нөгөө талаас зохицуулалттай этгээд комплайнсын эрсдэлээ өөрөө үнэлж, удирдах байгууллагын соёлыг нутагшуулахад чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Энэ удаагийн арга хэмжээнд зохицуулалтай этгээд, мэргэжлийн холбоод, судлаачдын 150 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ, комплайнсын эрсдэлийн үнэлгээний аргачлал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилж өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл ба боломжууд, амьдралд хэрэгжсэн сайн туршлагын талаар мэдээлэл өгч, цаашдын чиг хандлагыг хамтран хэлэлцэж тодорхойлов. Ингээд компанийн засаглалын зохицуулалтын орчин, ялангуяа кодекс болон эрсдэлийн үнэлгээний аргачлалыг манай орны туршлага, бусад орны сайн жишигт нийцүүлэн тогтмол боловсронгуй болгох зорилгоор тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх үр дүнтэй, шийдэл, гарц бүхий хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулах санал гаргасныг нийт оролцогчид дэмжлээ.
0 cэтгэгдэлтэй