Монгол орны өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг агаарын ерөнхий төлөв

timelive.mn 2023-12-6

Цаг агаарын ерөнхий төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын технологич, инженер Э.Дариймаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сард баруун болон нутгийн зүүн өмнөд хэсгээр Олон Жилийн Дундаж(ОЖД)-аас ахиу тунадастай, агаарын температур баруун аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан байх боловч нутгийн зүүн хасагт дунжаас хүйтэн байх төлөвтэй. 

Өнөө шөнө цаг агаар муудаж, арванхоёрдугаар сарын 8-наас ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэдгийг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэллээ. 

Үргэлжлүүлэн Монгол орны өвөлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан төлөвийг дараах байдлаар танилцуулав. 

“Өвөлжилт улам хүндрэх төлөвтэй байгааг малчдад анхааруулж байна”

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зудын эрсдэл:

2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд нь зудын эрсдэлтэй байсан. Тодруулбал

  • 26 хувьд нэн эрсдэлтэй
  • 43 хувьд их эрсдэлтэй
  • 26 хувьд дунд зэргийн эрсдэлтэй бол үлдсэн таван хувьд нь бага зэргийн эрсдэлийн үнэлгээтэй гарсан.

Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар зудын эрсдэл их үнэлгээтэй байна.

Монгол орны 11 аймгийн 30 сумын нутагт цагаан зудтай.

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын ажиглалтын мэдээгээр 1-37 сантиметр цасан бүрхүүлтэй байлаа. Үүний хамгийн их нь Увс аймгийн Малчин суманд 37 сантиметр цасан бүрхүүл тогтсон байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл:

Арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сар гарсаар цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл хаагуур болсныг товч танилцуулав.

Арваннэгдүгээр сар гарсаар Монгол орны хэмжээнд гурван удаагийн цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.

Өнгөрсөн сарын 3-5-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байсан. Үүнээс хамгийн их хохирол амссан нь төвийн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18 метр секунд хүрч, цасан шуурга шуурч, зургаан хүн амь эрстэж, Өвөрхангай аймагт нэг хүн амь насаа алдсан байна.

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө агаарын температур өмнөх шөнөөсөө Ховд аймгуудын нутгаар 5-15 градусаар дулаарч, дулааны гаралтай салхи ажиглагдаж, салхины дундаж хурд 28 метр секунд хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Ховд аймгийн Зэрэг суманд ийм гамшигт үзэгдэл ажиглагдсан.

Цаг агаар ойрын өдрүүдэд:

Өнөө шөнө буюу 6-7-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар хүчтэй салхи салхилна.

Арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнөтэй адилхан дулааны гаралтай халуун, хуурай салхи ажиглагдана.

Ялангуяа Ховд аймгийн Зэрэг, Чандмань зэрэг сумын нутгаар салхины дундаж хурд 28 метр секундийг давж гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй. Энэ процесс маргааш үргэлжилнэ.

Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Төвийн аймгийн нутгийн баруун хойд талын сумдаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр буюу говийн аймгуудын нутаг болох Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Энэ сарын 7-8-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн гурван аймагт цасан шуурга шуурч өнгөрнө. Мөн адил хүчтэй салхитай байна.

Цастай аймгуудаар нэмж цас орж, цасны зузаан нэмэгдэнэ. Өвөлжилт улам хүндрэх нөхцөл бүрдэж байна. Иймд ард иргэд, малчид тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Өнөөдрийн цаг агаарын төлөв:

Өнөөдөр (2023.12.06)-нд ихэнх нутгаар агаарын температур суларна.

Ялангуяа говийн аймгуудын нутгаар эргээд нэмэх градус руу орно. Тодруулбал нэмэх 3-8 градус руу орж байгаа учраас цастай аймгуудад цас хайлж, мөсөн бүрхүүл үүсэж байгаа. Иймд мал бэлчээрлэхэд маш хүндрэлтэй нөхцөл үүсэж байна.

Маргаашийн цаг агаарын төлөв:

Маргаашаас баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хасагт, цаашдаа ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэрнэ.

Завхан гол, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгороор шөнөдөө 35-40 градус хүртэл хүйтэрнэ.

Одоо нэмэх градуст орсон байгаа говийн бүс шөнөдөө 10-15, өдөртөө хасах 4-9 градус болж хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градустай байх төлөвтэй байгаа юм.

Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай, салхитай байна. Малчдад өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг ЦУОШГ-ын технологич, инженер Э.Дариймаа анхааруулав.