УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв. Сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижгэрүүлэх биш улам томруулмаар байна” энэ асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын даргаас хүсэж үг хэлэв.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Өвөлжилт ихэнх нутгаар хүндэрч, тулгамдсан асуудал их байна. Нэгдүгээрт, УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэн шийдвэрлэмээр байна. Эдийн засгийн өсөлт 7 хувьтай гарахаар байна. Өнөөдрийн байдлаар 62 сая тонн нүүрс гаргаад байна. Эдийн засагтай холбоотой асуудлаа яримаар байна.
Дараа нь, сонгуулийн товыг тогтоох асуудлыг яримаар байна. Хуулийн хугацаа дуусахад ганцхан сарын хугацаа үлдлээ. Тойргийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс тойргийн асуудал чухал байна.
Улс орны хэмжээнд хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлээд явбал эдийн засаг дорхноо өндийгөөд босоод ирнэ. Тойргийн жижиг байдлын зовлонд байх юм бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжлөө ч маргааш нэг поп нөхөр гарч ирээд л нураана.
Тийм учраас сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижгэрүүлэх биш улам томруулмаар байна. Одоогийн тойргоо дахин томсгомоор байна. Тухайлбал, баруун Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болговол эрим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд зэрэг дэд бүтцийн асуудал нь хамт шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв.
Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр явуулж байж улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэнэ.
Дэлхийн улс орнуудын геополитикийн тогтворгүй байгаа энэ үед Монгол Улс нэгдэж, улсынхаа хэмжээнд асуудлаа шийдэж байж улс хөгжинө.
Тойрог, сонгуулийн тов тогтоох асуудлыг шийдэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал юм. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын даргаас хүсэж байна гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сонгуулийн хуульд Монгол Улс нэг тойрог гэж хуульчилсан. Тойрог тогтоох асуудлыг 2-р сарын 1-ний дотор шийдэх ёстой. Тулгах биш, одооноос шийдэх ёстой гэдэг Ч.Хүрэлбаатар гишүүний гаргасан санал зарчмын хувьд зүйтэй юм.
Энэ асуудлыг 12-р сардаа хэлэлцэх нь зүйтэй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, томсгосон тойргоор тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Намын бүлгүүд, улс төрийн намуудаас санал аваад, энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д оруулж ирэх ёстой гээд энэ асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг УИХ-ын бүлгийн дарга нарт чиглэл болгож байна гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй