Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас өчигдөр 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.
Тухайлбал Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт дөрвөн иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гурван иргэнийг эсэн мэнд олж, Баруун-Урт суманд төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон дөрвөн байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24 гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана унасан дуудлагын дагуу цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй