Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн энэ оны ээлжит “Типологи, хүний нөөцийг чадавхжуулах семинар” Энэтхэг Улсын Нью-Дели хотноо 11 дүгээр сарын 28-наас энэ сарын 1-ний өдрүүдэд боллоо.
Семинарын “Виртуал хөрөнгө ба виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны албан хаагчид панелистаар оролцож, Монгол Улс дахь виртуал хөрөнгийн салбарын эрсдэлийн үнэлгээний үр дүн болоод зохицуулалтын сайн туршлагын талаар илтгэл тавилаа.
Жил бүр зохион байгуулагддаг тус типологийн семинараар гишүүн орны төлөөлөгчид, салбарын мэргэжилтэн, экспертүүд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх олон улсын чиг хандлага, бодлого зохицуулалтын асуудлууд, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах арга замуудын талаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцдаг юм.
Энэ жилийн типологийн хурлын онцлох сэдэв нь шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, энэ салбарын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлд төвлөрсөн бөгөөд улс орнууд дээрх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн.
Семинарт Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, арилжааны банкнуудын төлөөллүүд оролцсон ба Монгол Улсын шинэ технологи, виртуал хөрөнгийн салбартай холбоотой бодлого зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг онцлон, туршлага хуваалцсан юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
0 cэтгэгдэлтэй