Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Үүнээс тэгш бус байдлын талаарх Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны дарга Б.Батдаваа болон тэгш бус хүртээмжийн тухай танилцуулсан эдийн засгийн ухааны доктор А.Солонгын илтгэлээс онцлон хүргэе.
Тэгш бус байдлыг бууруулахад хамгийн чухал нөлөөтэй нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн боломжууд байдаг. Тэгвэл манай улсад боловсролын тэгш бус байдал байршил, хүйс, өрхийн орлогоос шалтгаалан газар авсныг ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн илтгэлээс харж болохоор байв.
Тодруулбал
- Анги ахих тусам эмэгтэй сурагчдын эзлэх хувь ихсэж, ахлах ангид хөвгүүдээс 13 хувь илүү сурч байна.
- Их, дээд сургуулийн гурван оюутан тутмын хоёр нь эмэгтэй
- Өрхийн орлого их байх тусам анги дэвшин суралцах нь их бөгөөд ахлах ангид суралцаж буй хүүхдүүдийг өрхийн орлогоор нь тодотгож харвал ялгаа бараг 20 хувь
- Хөдөөгийн хүүхдүүдийг хотынхон харьцуулбал ахлах ангид дэвших нь бага
- Хөдөөгийн гурван хүүхэд тутмын хүүхдийн хоёр нь цэцэрлэгт хамрагдаж байгаа
- Орлого багатай айлын 10 хүүхэд тутмын зургаа нь л цэцэрлэгт явж чаддаг. Орлого ихсэх тусам энэ нь нэмэгдэж ес болдог.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Тэгш бус байдлыг бууруулах гол зүйл бол боловсрол. Гэтэл ялгаа байсаар байна. Бүрэн дунд боловсролыг дээгүүр аж амьдралтай айл өрхийн хүүхдийн 90 гаруй хувь нь эзэмшиж байхад орлого багатай өрхийн хүүхдүүдийн ердөө 1/3 нь бүрэн дунд боловсрол эзэмшиж байна.
Боловсрол нь ядуурлаас гаргах, үе хоорондын шилжилтэд ахиц гаргахад чухал нөлөөтэй байтал тэгш бус байдал байсаар байна. Түүнчлэн өрхийн орлогоор нь тав ангилж үзэхэд боловсролын түвшин өндөр байх тусам өрхийн цалин хөлс нэмэгдэж, орлого олох боломж их байна.
Үүнээс суурь тэгш боломж олгохгүй байгаагаас орлогын ялгаатай байдал гарч байгаа нь харагдаж байна” хэмээлээ.
Түүний дараа олон талт ядуурал, баялгийн хуваарилалтын талаар Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Нийгмийн ухааны сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор А.Солонго илтгэл танилцууллаа.
“Манай улсын эдийн засгийн өсөлт нь хүний бүтээлч оролцооноос хамааралгүй байна”
Эдийн засгийн ухааны доктор А.Солонго “Тэгш байдал гэдэг бол боломжийг хүртэх тэгш байдлын тухай ойлголт юм гэж тодорхойлсон байдаг.
Монголд амьдралын боломж нэмэгдэж байгаа. Эдийн засаг жилээс жилд өсөж байна. 2022 онд эдийн засаг 4.8 хувь өссөн бол энэ оны эцсээр 5.4 хувь өсөх хүлээлттэй байна. Гэхдээ энэ нь хүмүүсийн бүтээлч оролцоотой өсөлт биш юм. Ялангуяа уул уурхайн олборлолтоос хамааралтай байгаа. Эдийн засгийн өсөлтийн 24 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Хөдөө аж ахуйгаас 12.8 хувь нь хамаарсан байна.
Ажил эрхлэлтийн түвшин
- хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийнхээ ердөө 61 хувийг ашиглаж байгаа бол
- эмэгтэйчүүдийнх 48 буюу 50 хувьдаа ч хүрэхгүй байна. Эдийн засгийн өсөлтөд хүмүүсийн оролцоо ямар байгаа нь эндээс харагдана.
Хүний хөгжилд хүрсэн ололт амжилтаараа Монгол Улс 191 улсаас 90-д жагсаж байгааг тэгш бус байдлаар засварлахад 12 хувиар хойш ухардаг. Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээрээ сүүлийн зургаан жилд 23 байр ухарсан.
Орлогын ядуурал их байна. Хүн амын 27 хувь нь хүнсний болон хүнсний бус хэрэглээгээ хангаж чадахгүй нөхцөлд амьдарч байна.
Хамгийн ичгэвтэр нь Бангладеш буюу Азийн хамгийн ядуу орны тоонд орж байсан улс өнгөрсөн 30 жилд ядуурлаа 52-оос 20 хувь болтол бууруулж чадсанаараа Азидаа толгой цохиж байна. Гэтэл манайх ямар түвшинд байгаа билээ гэдгийг мэдэж байгаа байх.
Олон талт ядуурлыг авч үзвэл манай улсын өрхүүдийн
- 21.1 хувь нь эрүүл мэндийн гачигдалтай
- 26.8 хувь нь боловсролын гачигдалтай
- 52.1 хувь нь амьжиргааны гачигдалтай аж төрж байна.
Орлогын хуваарилалт:
- Чинээлэг буюу хүн амын нэг хувь нь нийт баялгийн 11.5 хувь,
- Чинээлэг 10 хувь нь нийт баялгийн 1/4-ийг эзэмшиж байгаа бол
- ядуу 40 хувь нь нийт баялгийн 20.2 хувийг л эзэмшиж байна.
Ядуурал бол эрх тэгш байдалд суурилсан хүний асуудал гэж ойлгож болохоор байна” гэлээ.
“Ядуучууд болон хөдөөгийн хүн ам тэгш бус байдлын золиос болж байна”
Түүнчлэн тэрбээр боломжийн тэгш бус байдлаас шалтгаалсан үр дагавруудыг нэрлэхдээ
- Хот, хөдөөгийн ялгаа нэмэгдэж, нийт хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдарч байна. Хөгжил хаана байгаа руу тэмүүлж байгаагаас хотын менежменттэй холбоотой олон асуудал ургасан.
- Хөрөнгө санхүүгийн болон боловсон хүчний дутагдаж байна.
- Ядуучууд болон хөдөөгийн хүн ам тэгш бус байдлын золиос болж байна.
- Хөгжлийн үр шимийг хүртэх гэсэн шилжих хөдөлгөөн хотын захын хорооллын ядуусын хүрээг улам бүр тэлж байна хэмээсэн юм.
0 cэтгэгдэлтэй