БЗД 2024 онд байгаль хамгаалагчийн гэх зардалд ₮2.2 тэрбум төсөвлөсөн байгааг ухуулагч нарын цалин гэж хардаж байна

timelive.mn 2023-12-13

Баянзүрх дүүргийн Ардчилсан Намын бүлгээс “БЗД-ийн төсвийн хулгай” сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

БЗД-ийн АН-ын бүлгийн гишүүд “Баянзүрх дүүрэг өмнө нь 28 хороотой ямар ч асуудалгүй ажиллаж байсан ч одоо 43 хороотой болж хорооны байр нь бүгд Монгол Ардын Намын гишүүдийн үл хөдлөх байна. Энэ зардалд БЗД-ийн Засаг даргын тамгын газар жилдээ 21 тэрбум төгрөг төсөвлөж байгааг хулгай гэж харж байна” гэв.

Үргэлжлүүлэн БЗД-ийн 2023 оны төсвийн талаар БЗД-ийн Ардчилсан Намын дарга Д.Уламбаяр “2024 оны дүүргийн төсвийг 280 орчим тэрбум төгрөгөөр оруулж ирж байна. Уг төсөв нь Хэмнэлтийн хуулийг зөрчиж байна.

Зөвхөн өөрсдийн суух байшин, тавилгад буюу эд хогшил, урсгал засварт 6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Томилолт, зочны зардал 360 сая төгрөг. Хэмнэлтийн хуулиар гадаад, дотоод томилолтуудыг хориглосон байгаа.

Байгаль хамгаалагчийн гэсэн зардалд 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дүүрэгт ямар байгаль хамгаалагч ажиллаж 2.2 тэрбум төгрөгөөр цалинжих вэ? гэдэг нь их сонирхолтой. Энэ зардлыг үнэхээр хэрэгцээтэй буюу үер усны гамшиг зэрэгт тавиач ээ гэх хүсэлтийг өгсөн ч тоож үзэлгүйгээр оруулж ирсэн байна. Үүнийг сонгууль угтсан цэвэр ухуулагч нараа цалинжуулах зардал байна гэж харж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд тэрбум орчим төгрөг тусгасан байна. 2023 онд бас тэрбум орчим төгрөг төсөвлөж, бүгд зарцуулалтын тайлангүй зарцуулагдаад дууссан” гэв.