Аргентины шинэ ерөнхийлөгчийн засгийн газар эдийн засгийг эмчлэх эрс хатуу арга хэмжээнүүдээ авч эхэллээ.
Өчигдөр тус улсын засгийн газар үндэсний валют песогийн ханшийг огцом унагаж, эрчим хүч, тээврийн татаасуудыг бууруулах болсныг зарласан байна.
Аргентины песогийн ханш нэг ам.долларын эсрэг 400 байснаа 800 болж сулрахыг эдийн засгийн сайд Луйз Капуто өчигдөр телевизээр мэдэгджээ.
“Ойрын хэдэн сарын хугацаанд бидний нөхцөл байдал өмнөхөөсөө нэлээд дордох болно” гэж тэр анхааруулсан байна.
Аргентины эдийн засгийг эрс шинэчлэх амлалт авч ерөнхийлөгчөөр сонгогдсон либертари эдийн засагч Хавьер Милей өнгөрсөн Ням гарагт тангараг өргөсөн юм.
Тус улсын жилийн инфляцын хэмжээ 143 хувьд хүрч, хүн амын 40 хувь ядуурлын түвшинд амьдарч байгаа.
Энэ бүх хямрал өмнөх Перонист удирдагчдын популист бодлогын үр дүн гэж Милей үзэж байна.
Милей тангараг өргөснийхөө дараахан Аргентины засгийн газрын 18 яамыг 9 болгон цөөлөх шийдвэрээ зарласан юм.
Капуто сайд мэдэгдэлдээ төрийн бүх тендер шалгаруулалтыг зогсоож, зарим орон тоог цомхотгох болсныг дуулгасан байна.
Мөн эрчим хүч, тээврийн зардалд төрөөс өгдөг татаасыг танахаа мэдэгдсэн ч яг ямар хэмжээгээр танахыг дэлгэрүүлээгүй юм.
“Хэрэв бид байгаагаараа байвал хэт инфляц руу зүглэх нь зайлшгүй. Бидний зорилго бол сүйрлээс зайлсхийх” гэж Капуто мэдэгджээ.
Олон Улсын Валютын Сан дээрх арга хэмжээнүүдийг талархан хүлээж авч, өрийн асуудлыг хэлэлцэхэд “сайн суурь нөхцөл” болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Харин өмнөх засгийн газрыг удирдаж байсан улс төрчид Милейн шийдвэрийг хүчтэй шүүмжилж эхэлжээ.
Тухайлбал 2007-2015 онд засаглаж байсан ерөнхийлөгч Кристина Фернандезын холбоотон, социалист намын лидер Хуан Грабоис уг арга хэмжээнүүдийг “Өөрийгөө хамгаалах чадваргүй хохирогчдоо ямар ч өрөвдөх сэтгэлгүй устгах гэж байгаа сэтгэцийн өвчтэй хүний үйлдэл” гэж тодорхойлсон байна.
Милей сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Аргентины песогоос татгалзаж, ам.долларт шилжих, төв банкийг татан буулгахаа амлаж байсан.
Гэхдээ тангараг өргөснийхөө дараа энэ бодлоосоо татгалзсан байж болзошгүй байна.
Түүний эдийн засгийн сайдаар томилсон Капуто өмнө нь төв банкны ерөнхийлөгч байсан хүн юм. Одоо төв банкийг Капутогийн холбоотон удирдаж байгаа.
53 настай Хавьер Милей өмнө нь телевизийн эдийн засгийн тоймч байсан, улс төрд шинэ хүн юм. Тэрбээр дэлхий дахинд дэлгэрсэн социалист үзэлтэй тэмцэхээ илэрхийлж, энэ талаар санал нийлдэг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг хүндэлдгээ нуудаггүй.
Эх сурвалж: Associated Press
0 cэтгэгдэлтэй