ШҮҮГЧ: Нүүрсний асуудлаарх сонсголд Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэх боломжгүй

timelive.mn 2023-12-13

“Нүүрсний хулгай”-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол ирэх долоо хоногт болно.

Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шүүхэд хүргүүлжээ.

Харин уг хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэдгийг өнөөдөр болсон Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр шүүгч мэдэгдлээ.

Тодруулбал шүүгч “Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах боломжийг хангаж өгөх тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Энэ тухай хариуг өгсөн. Шүүхэд хэрэг хянагдаж байгаа. Гэрчээр оролцуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй, шүүгчид ийм эрх хэмжээ олгоогүй тул асуудлаа зохих байгууллагад нь гаргаад шийдвэрлүүлэх боломжтойг мэдэгдсэн. Б.Ганбаатар гишүүнээс хүсэлт ирүүлэхэд тухай үед нь хариу өгсөн” гэсэн юм.

Мөн Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх хүсэлтийг ирүүлсэн баримтынх нь хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул хэвээр үлдээхээр болжээ.