Цахилгаан хязгаарлахдаа хэрэглэгчдийг давхардуулахгүй. Маргааш өглөөнөөс олон нийтэд хуваарийг хүргүүлнэ

timelive.mn 2023-12-13

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345МВт байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсноо Диспетчерийн Үндэсний Төвд өчигдөр 16:00 цагт мэдэгджээ.

Иймд маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсныг салбарын сайд хэлэв. 

Хязгаарлалтын хуваарийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг хүргүүлсэн. Өнөөдөр бас сайдтай утсаар ярихыг оролдоно. Мэдээлэл цаг тутамд өөрчлөгдөх байх. ОХУ-д дутагдаж байгаа эх үүсвэрийн дутагдал хурдан арилах тусам бидний нөхцөл байдал хурдан сайжирна.

Цахилгааны хязгаарлалтыг өнөөдөр, цагийн дараа хийхийг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцнуудад хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй.

Хэрэглэгчдийг аль болох давхардуулахгүйгээр цахилгааны хязгаарлалтад хамруулах график төлөвлөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс эхлэн түгээх сүлжээнүүдээр дамжуулан олон нийтэд цахилгаан хязгаарлалтын хуваарийг хүргүүлнэ” гэлээ.