Путиний асуулт хариултын шоуны үеэр үзэгчдээс ирсэн “хурц” асуултуудыг том дэлгэцээр үзүүлэв

timelive.mn 2023-12-15

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой оны сүүлээр зохион байгуулдаг уламжлалтай асуулт хариултын шууд нэвтрүүлэгтээ оролцсон билээ. Уг арга хэмжээ Украины дайн эхэлснээс хойш анх удаа зохион байгуулагдсан нь энэ юм.

Энэ үеэр тэр Оросын ард иргэдээс утсаар ирсэн асуултуудад хариулдаг.

Арга хэмжээний танхимд байрлуулсан том дэлгэц дээр бас үзэгчдээс мессэжээр ирсэн асуултуудыг харуулж байв.

Энэ үеэр нэлээд хурц шүүмжилсэн утга агуулгатай асуултуудыг харуулсан нь ховор сонин үзэгдэл байлаа.

зураг

Ийм асуултуудаас дурдвал “Бидний амьдрал хэзээ сайжрахыг хэлж өгөөч!”, “Яагаад таны бодит байдал бидний амьдралын бодит байдлаас өөр байдаг юм бэ?”, “Нэгдүгээр сувгаар ярьдаг Орос оронд яаж очих вэ?”, “Бид байгалийн хийгээ Хятадад, Европт өгч байна. Харин Хакаст хэзээ өгөх вэ?”, “Дайчлагдсан цэргүүд маань хэзээ буцаж ирэх вэ?”, “Дайн хэзээ дуусах вэ? Бид хэзээ энх тайван амьдрах вэ? Энхийн гэрээ хэзээ байгуулах вэ?” зэрэг байжээ.

Нэгдүгээр суваг гэдэг нь Оросын төв телевизийн сувгийг хэлж байгаа юм. Хакас нь Туватай хил залгаа ОХУ-ын нэг алслагдсан бүс нутаг.

Путин эдгээр асуултуудыг харсан эсэх нь тодорхойгүй байна.

Зарим ажиглагчид шууд нэвтрүүлгийг сонирхолтой болгож, олон үзэгч татахын тулд эрх баригчид зориуд ийм өдөөн хатгасан зурвасуудыг танхимд харуулсан байх гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times