360-370 орчим тэрбумын авто замын арчлалт, засварыг хийх зээлийн хэлэлцээрийг УИХ-аар эцэслэн баталлаа

timelive.mn 2023-12-15

11:19 2023/12/15

Хуулийн төслүүдийг баталж дууссаны дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зарим тоон мэдээллүүдийг ярилаа.

Тэрбээр “Хүүхдүүдийн дунд өнгөрсөн жил урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг явуулсан. Үүнд хамрагдсан хүүхдүүдийн 76 хувь шүдний цооролттой гэсэн тоон мэдээлэл гарсан. Энэ нь чихэрлэг бүтээгдэхүүн, ундаатай холбоотой байгаа юм.

Насанд хүрэгчдийн дунд өвчин зүрх судасны өвчлөл зонхилон тохиолдож байна. Үүний гол асуудал нь илүүдэл жин, таргалалт. Чихрийн шижин манай улсад сүүлийн үед нэмэгдсэн. Тиймээс чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг дэмжиж байгаа” хэмээн ярилаа.

10:50 2023/12/15

Хэлэлцэх асуудлын талаар санал хураахын өмнө таван гишүүн саналаа хэлсэн. Үүний дараа УИХ-ын 45 гишүүний ирцтэйгээр санал хураалт явуулж Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 91.1 хувийн саналтайгаар соёрхон батлав.

Уг зээл нь юунд зарцуулагдах талаар ажлын хэсэг болон салбарын сайдын өгсөн мэдээлэл:

Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1,205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрнүүдийн ажил төсөлд хамрагдуулах юм байна.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.

зураг

Зээлийн санхүүжилт

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 41 гишүүн дэмжсэнээр эцэслэн батлав.

10:28 2023/12/15

УИХ-ын намрын нэгдсэн чуулган ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах аж.

Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.