УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 91.1 хувийн саналтайгаар соёрхон батлав. Ингэснээр Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилт батлагдсан юм.
Үүний дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын өргөн барьсан “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Үзэл баримтлалын хүрээнд дэмжих талаар санал хураалт явуулахад 53.8 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Хүүхдүүдийн дунд өнгөрсөн жил урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг явуулсан. Үүнд хамрагдсан хүүхдүүдийн 76 хувь нь шүдний цооролттой гэсэн тоон мэдээлэл гарсан. Энэ нь чихэрлэг бүтээгдэхүүн, ундаатай холбоотой байгаа юм.
Насанд хүрэгчдийн дунд өвчин зүрх судасны өвчлөл зонхилон тохиолдож байна. Үүний гол асуудал нь илүүдэл жин, таргалалт. Чихрийн шижин манай улсад сүүлийн үед нэмэгдсэн. Тиймээс чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Судалгаагаар сурагчдын 80.9 хувь нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг. Чихэрлэг ундаа ямар ч шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр таргалалт, шүдний цооролт зэргийн гол шалтгаан болж байгаа. Манай улсын 15 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ 8,000 төгрөгөөр зарж байгаа ундаанд 500 төгрөгөөр нэмэх нь нөлөө үзүүлэхгүй. 1,000 төгрөгөөр зарж буй ундаанд 500 төгрөгийн онцгой албан татвар нэмэх нь өндөр.
Тэгэхээр харилцан адилгүй үнэ өртөгтэй бүтээгдэхүүнд тогтмол үнийн дүнгээр тавих нь зөв үү. Ингэхгүйгээр үнийн хувиар тавих боломжтой юу. Сүүлийн үед кофе шоп их болсон. Үүнтэй холбогдуулан зарагдаж буй бүтээгдэхүүний сахарын хэрэглээг судалж үзсэн үү.
0.5 мг-аас дээш үнэтэй ундаанд татвар ногдуулан гэдэг нь кока кола гэх мэт хямдхан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ үнэтэй болгох гээд байна. Энэ хууль чинь хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй том үйлдвэрүүд рүү чиглээд байгаа юм шиг. Бид сахарын хэмжээг бууруулах ёстой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Юуны өмнө хамгийн их хэрэглээд байгаа зүйл дээр хууль хэрэгжүүлээд эхлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр анхны хэлэлцүүлэг дээр өөрчилнө. Энэ бол татвар цуглуулах бус эрүүл мэндэд анхаарсан хууль. Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямдхан чихэрлэг ихтэй ундааг аваад байна.
Ялангуяа бага орлоготой айлуудад чихэрлэг ундааны хэрэгцээ асар хурдацтай нэмэгдэж байна. Тиймээс эхний ээлжид онцгой албан татварыг багаар тавьж байгаа.
0 cэтгэгдэлтэй