Найман мэргэжлийн 108 багш сургалтад хамрагдлаа

timelive.mn 2023-12-15

“Монгол ур чадвар 2023” үндэсний ялагч тодруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа. Энэхүү арга хэмжээний үеэр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд болж байна.

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, түүний дэргэдэх сургалтын төв, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, чадамжийн төв, мэргэжлийн холбоо, мэргэжлийн зөвлөлийн дэргэдэх сургалтын төвийг түшиглэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, чадамжийн төвүүд хамтран энэхүү сургалтуудыг зохион байгуулжээ.

Гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн, CNC токарь гэсэн нийт найман мэргэжлийн 108 багш “Эрдэнэт” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, Техник технологийн политехник коллежийн мужааны чадамжийн төв, Майнспек ХХК, Knaff Mongolia сургалтын төв, MMS ХХК, Dinamic tower ХХК зэрэг байгууллага дээр арванхоёрдугаар сарын 11-15-ны хооронд сургалтад хамрагдаж байгаа юм.

Сургалтын үр дүнд дээр дурдсан мэргэжлийн багш нар үйлдвэрлэл, техник технологийн ирээдүйн чиг хандлага, хөгжил, инновац болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ахисан түвшний агуулга чадамж эзэмшлээ.