Б.Бат-Эрдэнэ: 2021 онд зөвшөөрсөн хэмжээнээс 6,000 тонн самар илүү экспортлогдсон. Нүүрс гэдэг шиг самрын хулгай хөндөгдсөн

timelive.mn 2023-12-15

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар “Монгол орны ойн сангийн төлөв байдал, болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг танилцуулсан юм.

Үүний дараа УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн тус бүр нэг гишүүн дээрх мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирсэн асуултыг ажлын хэсгээс асуув.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хушны самрыг экспортлоход ямар бодлого баримталдаг вэ? 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 2022 онд Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газартай хуш модны самрын экспортын талаар уулзалт хийсэн. 2021 онд манай яамнаас 33 мянга гаруй тонн самар экспортлох зөвшөөрөл олгосон байхад 40 мянга орчим тонн гарчихсан. Зургаан мянган тонны зөрүү яагаад гарсан, бүртгэл хаана байна вэ гэдэг асуудал үүссэн. Нүүрсний хулгай шиг зүйл болсон уу гэх асуудал хөндөгдсөн.

Манай улсаас гарч буй самрын тоо хэмжээг нэг килограмм тутмаар нь тооцоолоод үзэхээр дэлхийн эхний 20 орны тоонд багтдаггүй. Энэ нь манай улсын самар Хятад руу наймаачдын гараар явж байна гэсэн үг.

Үндсэндээ самрыг дотооддоо боловсруулаад савлаад, НӨАТ шингээгээд зарахаар оролдож байхад, нөгөө талдаа түүхийгээр нь гаргах оролдлого байсан. Тиймээс самартай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 88 ААН авсан байсныг 16 болгож бууруулсан. Мөн самрын үйлдвэртэй газрууд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох асуудал яригдахад өрсөлдөөнд нөлөөлнө гэдэг.

Гэвч хяналтын ажлын хэсэг шалгалт явуулахад зарим зүйл тогтоогдсон. Жишээлбэл өөрийн үйлдвэртэй нэг компанид зөвшөөрөл олгочихсон. Тэр компани үйлдвэрээ түрээсэлдэг гэхээр нь дахиад хоёр аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгчихсөн байгаа юм. Гэтэл тэр компанид захирал болон нягтлан бодогч гэсэн хоёр л хүн ажилладаг нь хяналтын ажлын хэсгийн шалгалтаар ил болсон.