Орос улсад тусгаар тогтнолоо хадгалах, эсвэл устаж алга болох хоёрхон сонголт байгааг Путин анхааруулав

timelive.mn 2023-12-18

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Ням гарагт олон улсын нөхцөл байдалтай холбоотой анхаарал татсан мэдэгдлүүдийг хийсэн байна.

Тэрбээр эрх баригч Нэгдсэн Орос намын 21 дүгээр их хуралд оролцож, үг хэлэхдээ улс орон нь тусгаар тогтнолоо хадгалж үлдэх, эсвэл устаж алга болох хоёр сонголтын өмнө ирээд байгааг анхааруулжээ.

“Орос нэг бол тусгаар тогтносон, бие даасан улс хэвээр байна, эсвэл устаж алга болно гэдгийг бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үр хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Энэ бол бидний оюун ухаан, зүрх сэтгэлд байх ёстой маш чухал зүйл” гэж Путин энэ үеэр хэлсэн байна.

Өчигдөр тэр бас Оросын төв телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа НАТО болон түүний шинэхэн гишүүн Финланд улстай холбоотой байр суурь илэрхийлжээ.

Тухайлбал тэр НАТО-д гишүүнээр элсэх болсон Финландын эрх баригчдын шийдвэрийг шүүмжилж, сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан байна.

“Тэдэнд ингэх ямар шаардлага байсан юм бэ?” гэсэн Путин “Өмнө нь манай хоёр улсын хооронд асуудал байгаагүй, харин одоогоос эхлэн бий боллоо” гэж хэлжээ. Яг ямар асуудлын талаар ярьж байгаагаа тэр дэлгэрүүлээгүй байна.

Украины нутагт Оросын цэрэг халдан довтолсны дараа Финланд улс олон жил баримталсан төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх өргөдөл гаргасан юм.

Финландын хөрш Швед улс мөн ийм алхам хийсэн ч НАТО-гийн гишүүн 31 улсын бүрэн дэмжлэгийг авч чадаагүй байгаа нь Турк улсын эсэргүүцэлтэй холбоотой.

АНУ саяхан Шведийн цэргийн баазуудыг ашиглах гэрээ байгуулаад байна. Өнөөдөр буюу Даваа гарагт Финланд улстай дээрхтэй ижил төстэй гэрээ байгуулах гэж байгаа.

Энэхүү гэрээний дагуу Финландын 15 цэргийн баазыг АНУ ашиглах эрхтэй болох юм.

Өчигдрийн ярилцлагадаа Путин бас Орос улс НАТО-тай дайтах сонирхолгүй байгааг илэрхийлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан хэрвээ Украин улс ялагдвал дараагийн ээлжид Орос улс НАТО-д дайн зарлахыг анхааруулсан юм.

Үүнийг Путин үгүйсгэсэн байна.

“Энэ бол шал дэмий зүйл. Ерөнхийлөгч Байден ч өөрөө үүнийг мэдэж байгаа гэж би бодож байна. ОХУ-д НАТО-гийн орнуудтай тулалдах ямар ч шалтгаан, сонирхол байхгүй, геополитик, улс төр, эдийн засаг, цэргийн ашиг сонирхол байхгүй” гэж тэр хэлжээ.

Засаг захиргааныхаа алдаатай бодлогыг хаацайлахын тулд Байден ийм зүйл ярьж байгааг Путин тайлбарласан байна.

1949 онд байгуулагдахдаа Умард Атлантын Эвсэл буюу НАТО нь Зөвлөлт Холбоот Улсын аюулаас Өрнөдийн орнуудыг батлан хамгаалах зорилготой байсан.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа тус байгууллагад хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан болон Варшавын Гэрээний эвсэлд багтаж байсан орнууд нэгдсэн юм.

НАТО-гийн энэ тэлэлтийг Путин улс орных нь аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг.

НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд аль нэг гишүүн орон нь халдлагад өртвөл бусад гишүүн орнууд өөртөө халдсанд тооцон хамгаалах үүрэгтэйг заасан байдаг.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Орос ба Өрнөдийн харилцаа хэсэг хугацаанд зөөлөрснийг НАТО-гийн байгуулагдах болсон үндсэн шалтгаан байхгүй болсонтой холбоотой гэж ойлгодог байснаа Путин өчигдөр ярьсан байна.

“Тэр үед надад үнэхээр гэнэн сэтгэгдэл төрж байсан. Бодит байдал дээр тэд Зөвлөлтийг задран унасны дараа Оросыг бүрэн устгахын тулд жаахан хүлээх хэрэгтэй гэж үзэж байсан юм байна лээ” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: ТАСС, Reuters