Увс аймгийн Малчин суманд 38 см цасан бүрхүүл тогтжээ

timelive.mn 2023-12-18

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны 08:00 цагийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн зузаан нь

  • Увс аймгийн Малчин сумын нутгаар 38 см,
  • Хяргас сумын нутгаар 34 см,
  • Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30 см,
  • Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27-28 см,
  • Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25-26 см, цасан бүрхүүл тогтжээ.

Харин нутгийн бусад хэсэг 23 см хүртэлх зузаан цасан бүрхүүлтэй байна.

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 11 аймгийн 41 суманд “цагаан зуд”-ын, 11 аймгийн 48 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдал үүссэн.

Өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цас орсноос долоон хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаар 8.9 мм, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутгаар 6 мм, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Бат-Өлзий, Архангай аймгийн Булган, Цэцэрлэг, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Говь-Угтаал, Луус, Говьсүмбэр аймгийн нутаг, Дорноговь аймгийн Хатанбулаг, Хэнтий аймгийн Галшар сумын нутгаар 5.1-5.9 мм цас орсон байна.

Мөн энэ сарын 12,13-ны өдөр говийн аймгуудын нутгаар, 15-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 16-ны өдөр баруун аймгуудын нутгаар салхины хурд 13-15 м/с  хүрч, цасан болон явган шуурга шуурсан байна.

Цасаар шуурах төлөвтэй байгаа газрууд:

18-ны өдөр

  • төвийн аймгуудын ихэнх нутаг /Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баянхонгор аймгийн хойд, Дархан-Уул, Орхон/,
  • говийн аймгуудын нутгийн хойд /Дундговь/,
  • зүүн аймгуудын нутгийн өмнөд /Сүхбаатар/ хэсгээр,

19-ний өдөр

  • Хэнтийн уулархаг нутаг /Хэнтий, Төв/,
  • Дорнод-Дарьгангын тал нутгаар /Дорнод, Сүхбаатар/,

21-ний өдөр

  • баруун аймгуудын ихэнх нутаг /Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай/,
  • зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр /Дорнод аймгийн Халхгол/,

22-ны өдөр

  • баруун аймгуудын нутгийн зүүн /Завхан/,
  • төв болон говийн аймгуудын нутгийн баруун /Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн баруун/ хэсгээр,

23-ны өдөр

  • Хөвсгөл,
  • Хэнтийн /Хөвсгөл, Хэнтий, Төв/ уулархаг нутгаар,

24-ний өдөр

  • Хэнтийн уулархаг нутаг,
  • Халх голын сав газраар,

26-ны өдөр нутгийн хойд хэсгээр /Хөвсгөл, Булган, Сэлэнгэ/ цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 18, 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Энэ сарын 22-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.