Сайд бүр өөрөө ханиад хүрчихлээ

timelive.mn 2023-12-19

Түлшний төлөө түчигнэлдэж, түгээгч эмэгтэйг түлхээд унагалаа. Түлш нь байхгүйн төлөө түгээгч түлхүүлээд гэмтэж байхад түлшийг нь хангах ёстой сайд сэм сэмхэн явах нь ч аргагүй юм. Баатар  болохыг хүсээгүй гэсэн байна. Байдал нөхцлөөс үзвэл баатар болохыг угаасаа хүсэхээргүй байна. Хангамж  хэвдээ ороогүй ч ханиад хүрээд сайдын хоолой сөөсөн байна. Ханган нийлүүлэлтийн талаар асуусан болохоос ханиад чинь эдгэв үү, халуур бүлээрэв үү гэж асуусан хүн бол алга байна.

Түлш шатахуун түгээгчийг цасан дээр түлхэж унагах биш түлшээр хангах үүрэгтэй сайдыг сандлаас нь түлхэе гэж сөрөг хүчнийхэн сөрөөд шоудлаа. Бодлогын яамны түшмэлүүд бодохоо больсон уу яасан юм, ухуулгын бригад болж  банкаа битгий дүүргэ, улаан гэрэл нь ассан бусаддаа үлдээ гэх соёлын довтолгоон хийж байгаа юм байна. Явгарч баларсан жолооч нар ятгах тусам нь үймээд, яам нь ингээд байхыг бодоход яаж ийгээд дүүргээд авахаар бүр ихээр сандраад байна. Зааны тухай бүү бод гэж зарлах тусам зааны л тухай л бодоод байдаг.

Оросоос чихэр  зөөж, “Оргил” дэлгүүрээр зарах, орос бензин авч, орон даяар хангах хоёр шал өөр ч гэлээ яс юман дээрээ Ж.Ганбаатараас ч болоод байгаа юм биш. Орос ремен үе үе чангарч, дохио сануулга өгдөг юм. Тусгаар улс эрдэнэс баялгаа өөрсдөө мэдээд ашиглая гэхээр, эрчим хүчний хувьд биеэ даачихъя гэхээр крантаа эргүүлээд, унтраалгаа  оролдоод унадаг юм. Дургүй нь хүрвэл Ангарскийн нефтийн үйлдвэрт осол гарчихдаг юм. Эгдүү нь хөдөлбөл, Галуут нуурын станцад аваар болчихдог юм. Бусдаас буруу хайхын оронд 20 дугаар зуунд анхны Ерөнхийлөгч П.Очирбат савхин дээлээ нефтээр будсанаас хойш 27 жил өнгөрөх зуур түлш шатахуунаа үйлдвэрлэчих байсан нь ч үнэн юм.