Шууд уурхайн амнаас боомт хүртэл тээвэрлэх нь хамгийн зөв

timelive.mn 2023-12-19

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн хоёр дахь өдрийн хуралдаан үргэлжилж байна. Нүүрсний үнийн саналтай холбоотойгоор ЭТТ компанид 2016-2018 онд Гүйцэтгэх захирлын албыг хашсан Д.Ариунболд тайлбар хэллээ. 

Намайг 2016 оны есдүгээр сард ажил авах үед ЭТТ компани бараг дампуурчихсан байсан. Гадаад, дотоод өр нь нийлээд 400 сая гаруй ам.долларын өртэй. Ганцхан зүүн Цанх ажилладаг. Баруун Цанх зогсоод жил гаруй болчихсон. Өөрсдөө зарж борлуулах нүүрс байхгүй. Зүүн Цанхаас гарч байгаа нүүрснийхээ 65 хувийг Чалко компанийн өрөө нүүрсээр төлдөг. 35 хувиа Ти Жи Юу Ко компанид борлуулалтын хөлсөнд өгдөг. Өөрсдөө цалин пүнлүүгээ тавих нүүрсгүй болчихсон. Баруун Цанхаа зогсоочихсон. Үлдэгдэл агуулахын жаахаан юм байсан. Өмнө нь Засгийн газрын хурлаар оруулаад ЭТТ-г менежмэнтийн хувьчлалд оруулах асуудал ч яригдаж байсан шүү дээ. Ер нь ЭТТ компанийг дампуурсан байдалтайгаар ажил хүлээж авсан. Тиймээс нүүрсээ үнэд хүргэе гээд хамгийн түрүүнд баруун Цанхыг ажиллуулах хэрэгтэй гэж үзсэн. Яагаад гэвэл Чалко зүүн Цанхыг бүтэн эзэлчихсэн. Чалкогийн гэрээний үнээр Ти Жи Юу Ко бас нүүрсээр авдаг. Бид бэлэн мөнгөөр  төлөх эрх байхгүй. Бэлэн мөнгө нь ч байхгүй. Тийм нөхцөлд байсан учраас бид баруун Цанхыг маш түргэн хугацаанд ажиллуулъя гэдэг тактик баримталсан. Баруун Цанхын нүүрсээр Чалкогийн өрийг даръя гэдэг тактик баримтлаад ажилласан. Тиймээс 2016 оны арванхоёрдугаар сард баруун Цанхыг ажиллуулж эхэлсэн. Хамгийн түрүүнд бид баруун Цанхыг ажиллуулсны хүчинд 1 сая гаруй тн нүүрс гаргаж авсан. Энэ 1 сая тн нүүрсний хамгийн анхны дуудлага худалдааг 2017 оны нэгдүгээр сард хийж байсан. Гэхдээ Чалко компанийн өрийг заавал гурван сарын өмнө өрөө дарна гэсэн гэрээтэй байсан. Тиймээс бид тооцоолоод гурван сарын өмнө өрөө төлнө гэж мэдэгдэл хүргүүлсэн. Гол нь бидэнд нүүрсээ яаж борлуулах вэ гэсэн асуудал байсан. Өмнө тодорхой аргачлал байгаагүй учраас биржээр борлуулаад үзвэл яадаг юм гэж санаад тухайн үед Баатар дарга байсан байх. Хөдөө аж ахуйн биржид бид санал тавьсан. Манай нүүрсийг борлуулаач гээд албан бичиг явуулсан. Тухайн албан бичгүүд байгаа байх. Дараа нь Баатар дарга ирээд уулзсан. Манайх хөдөө аж ахуйн бирж учраас манай флатформд таарахгүй юм байна гэсэн. Тэгээд бид Худалдан авах ажиллагааны газарт хандсан. Нүүрсийг танайхаар дамжуулж зарах боломж бий юу гээд. Бид уурхайн ажил л хийхээс зарах нь бидний ажил байгаагүй. Гэтэл Худалдан авах ажиллагааны газраас боломжгүй гэсэн хариу ирсэн учраас бид өөрсдөө нүүрсээ зарахаас өөр аргагүйд хүрсэн. Ямар нэг хэмжээгээр сонгон шалгаруулалт хийе, журам гаргая гээд гаргасан. Энэ журмаа ТУЗ-өө үзүүлээд, Засгийн газраар батлуулаад сонгон шалгаруулалтын журам гаргасан. Энэ журмын дагуу нүүрсээ борлуулаад Чалко компанийн өрийг 2017 оны зургаан сард дарсан. Яг ажлаа аваад зургаан сарын дараа өрөө дарж байсан юм. Тэгснээрээ бид баруун Цанхыг үнийг зах зээлд ойртуулах боломж үүссэн. Зүүн Цанхын үнийг Чалкотой тохирох боломж үүссэн. Зүүн Цанхаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрх үүсч байсан.

Намайг ажил авах үед Цагаан хад зогсчихсон байсан. Тэгээд бид уртын тээвэр хийдэг байсан. Уурхайн амнаас шууд Ганц мод руу очдог. Цагаан хад бүрэн зогсчихсон сайхан байсан. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Шууд уурхайн амнаас боомт хүртэл тээвэрлэх нь хамгийн зөв. Голд нь Цагаан хад гэдэг юм бий болгоод тэнд буулгаад, ачаад маш их зардал гарна. 1 тн нүүрснээс бараг 3 ам.долларын зардал илүү гарна. Ачих, буулгах зардал гээд нэмэгддэг.