Нүүрсний сонсгол -ын үдээс өмнө хэлэлцсэн асуудлууд

timelive.mn 2023-12-19

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн хоёр дахь өдрийн хуралдаан эхэллээ. Эрдэнэс тавантолгой компанийн нүүрсний үнийн зөрүү, тээврийн зардлын зөрүү, үнэ тогтоолтын шинжээчийн дүгнэлтийг эхлээд сонсов. Шинжээчийн дүгнэлтйн дараа ХЗДХ-ийн сайд түр хороон ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр асуулт асуулаа. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтээр үнийн зөрүүнээс 826.4 сая ам.доллар үүсчээ. Өөрөөр хэлбэл826.4 сая ам.долларын боломжоо алдсан байна. Зөвхөн тээврийн зардлын зөрүүг харъя. Тээврийн зардал уурхайгаас Цагаан хад хүртэл 230 км замд 1 тн тутамдаа 10-14.2 ам.доллар гардаг бол Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газар тээврийн зардал 28-121.8 ам доллар гардаг. Тэгэхээр Цагаан хаднаас Гашуунсухайт хүртэлх тээврийн зардлын зөрүүн дээр ажилладаг схем харагдаж байна.

НҮҮРСНИЙ ҮНИЙН ЗӨРҮҮНЭЭС 826.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОЛОМЖОО АЛДЖЭЭ

-ЭТТ компанийн үнийг яаж тогтоож байв?

ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбуян: Би 2013 оны наймдугаар сард ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга болсон. 2013 оны есдүгээр сард ЭТТ компанийн толгой компани болох Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ажиллаж байх үед уурхайн үйл ажиллагаа их хүнд байсан. Олборлолт хийдэг Ти Жи Юу Ко компани нь ажлаа хаяад зогсчихсон. Ажил явахгүй. Хилээр ганц нэг нүүрс гарна Чалкогийн өрөнд явдаг. Мөнгө олж ирэхгүй бол компанийн ажил явж чадахгүй. Компани өөрсдөө үйл ажиллагаа явуулж чадахгүй. Өр төлбөрөө төлж чадахгүй ийм байдалтай байсан. Би гэрээний үнийг ерөөсөө мэдэхгүй. Харин тэр гэрээт олборлогч Ти Жи Юу Когийн тухай ч юмуу эсвэл тэр өмч хөрөнгөө үнэгүй шилжүүлж байсан тухай гэвэл надад маш их мэдээлэл бий. Намайг ТУЗ-ийн дарга байх үед Чалкогийн өрийг төлөх асуудал хамгийн чухал байсан.

2012 онд Чалко компаниас 300 сая гаруй ам.доллар зээлж аваад Хүний хөгжил санд төвлөрүүлээд, халамж болгоод тараасан. Нүүрсээр төлнө. Гэрээ бол зөвхөн зүүн Цанхын ордоос гарсан нүүрсээр төлнө гэсэн байсан. Тэндээс гарсан нүүрс бүхэн Чалкогийн өрөнд явна. Гэтэл түүний олборлож байгаа  Ти Жи Юу Ко компани нь ажлаа хийдэггүй. Маш өндөр үнээр ажил хийдэг. Маш дампуу компани байсан. Тэгээд ЭТТ компанийн даргын ажлыг шинээр авсан хүн судалхаас өөр аргагүй болсон. Ер нь энэ компани анх яаж байгуулагдсан түүх ярьж болно. Анх энэ компани маш олон сая доллараар машин тоног төхөөрөмж худалдаж аваад өөрсдөө олборлож байсан юм билээ. Маш хямдханаар. Мэдээж түлш тосны үнэ гардаг байх. Ажилчдын цалин хөлс гардаг байх. Ингээд явж байжээ. Гэтэл 2013 онд гадны гэрээт олборлогч оруулж ир гэж шаардлага дээрээс тавьсан юм шиг байна лээ. Би архивын материал уншсанаа яриад байна. Мэдэхгүй юмаа л яриад байгаа. Тэгэхээр та бүхэн үргэлжлүүлэн судлаарай. Ингээд судлаад үзэхэд олон улсын тендер зарласан байна лээ. Тендерт дөрвөн компани орсон юм билээ. Эдгээр тендерт орсон коспаниудаа шаардлага хангасангүй гээд мэдэгдэл өгөөд явуулсан байдаг. Тэгснээ гурав хоногийн дараа австралын Махмахен компанийг та нар германыхаа компанитай консерциум болоод ороод ир. Тэгвэл гэрээ хийе гээд очиж уулзсан байна лээ. Тэр материалаас уншиж үзэхэд. Ингээд хамтарсан компанитай гэрээ байгуулсан. Энэ Ти Жи Юу Ко биш шүү. Энэ бол австралын Махмахен германы Оперто гээд герман компанийн нэрээр орсон хамтарсан компанитай консерциум болоод гэрээ байгуулсан. Тэгснээ 2-3-хан хоногийн дараа германы компани консерциумаас гаръя гэдэг мэдэгдэл хийсэн юм шиг байна лээ. Тэгтэл австралын компани нэрээ солиод манай Ти Жи Юу Ко болж орж ирэн, экс тайлантай. Бүр нойл шүү. Ийм компани байгуулаад гарсан. Тэр компанид тоног төхөөрөмжөө түрээслээд мөнгө олох ёстой. Гэтэл тэгээгүй. Бүх тоног төхөөрөмжөө зүгээр өгсөн. Ийм юм байж болох уу. Тэр архивын материал дунд 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ЭТТ компанийн өмч хамгаалах комисс хуралдаад, худалдах нөхцөлтэйгөөр хамтарсан консерциумд шилжүүлье гээд хийсэн юм билээ. Зургадугаар сарын 11-нд Энэбиш захирал Төрийн өмчийн хороонд энэ өмч хөрөнгийг гадны хөрөнгө оруулагч компанид шилжүүлэх зөвшөөрөл өгнө үү гэсэн бичиг явуулж байсан юм байна лээ.  Тэгээд зургадугаар сарын сүүлээр сонгууль болсон. Сонгуулийн үр дүн яаж гарсан юм компанийн захирлуудыг хувьд эсрэг ч гарсан байж магадгүй. Ингээд есдүгээр сард ЭТТ компанийн ТУЗ хуралдаад шууд шийдвэр гаргачихсан. Олон сая төгрөгөөр худалдаж авсан энэ тоног төхөөрөмжөө шилжүүлсүгэй гээд шийдвэр гаргачихсан. Тэгээд шилжүүлсэн. Хоёрдугаарт, Төрийн өмчийн хорооноос шилжүүлэх зөвшөөрөл авсугай гэж заасан байсан. Нэгэнт шилжүүлчихсэн юм чинь Төрийн өмчийн хороо юу гэж хийж өгөх юм. Тэр үед Төрийн өмчийн хорооны чиг үүрэг ч өөрчлөгдсөн. Аравдугаар сард нь Батсуурь даргын гарын үсэгтэй Төрийн өмчийн газарт өмчийг шилжүүлж өгнө үү гэсэн бичиг байдаг. Дараа нь арваннэгдүгээр тийм бичиг гаргасан байдаг. Ингээд арванхоёрдугаар сард ЭТТ компанийн ТУЗ хуралдаад нэгэнт худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлчихвэл мөнгийг нь олоод авчихна. Гэтэл тийм зүйл хийсэнгүй. Түрээсийн гэрээ хийгээд явах болов уу гэсэн бас тэгсэнгүй. ЭТТ компанийн толгой компани учраас Эрдэнэс Монгол компани энэ өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг анх худалдаж авсан үнээс нь бууруулахгүйгээр өр төлбөртөө суутган тооц гэдэг тогтоол гаргаж өгсөн. Ингэснээр харин энэ хулгайд алдагдсан мөнгө орж ирсэн байх аа гэж бодож байна.

2021 ОНЫ ЗУРГАДУГААР САРД УУРХАЙН АМАН ДЭЭР НҮҮРСНИЙ ҮНЭ 438.9 АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН

Ажлын хэсгийн гишүүн Д.Ганболд: Ганц модонд нүүрсний үнэ 400 ам.долларт хүрч байхад гэрээний үнэ яагаад дагаж нэмэгдээгүй юм бэ?

ЭТТ компанийн маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Б.Серикжан: Би анх 2011 оны долдугаар сард ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. 2021 оны зургадугаар сард уурхайн аман дээр нүүрсний үнэ 438.9 ам.доллар хүрч байсан. Манайх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал гэж баталсан. Тэр аргачлалын хүрээндээ нүүрсний үнэ улирал тутамд өөрчлөгдөөд явдаг. Хамгийн өндөр үнэ 150.71 ам.долларт хүрсэн байдаг. Ганболд гишүүнтэй санал нэг байна. Богинын тээврийн зардал маш өндөр болчихсон. Яагаад гэвэл тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт муудсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол тухайн үед 50-60 зарим өдөр бүр 30 машин, хамгийн ихдээ 100 машин гардаг болсон. Түүнээс шалтгаалж, Цагаан хад Ганц мод боомтын тээврийн зардал өндөр болсон. Хамгийн өндөртөө 325 ам.долларт хүрсэн гэдэг.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: АМНАТ-ийн үнийг Засгийн газар тогтоодог. Гэтэл 2007 оноос хойш долоон удаа шийдвэрээ өөрчилжээ. Үүний зөрүүд 1.5 тэрбум төгрөг үүссэн гэж бид тооцоолсон. Асуулт юу байна гэхээр шинжээчид үүн дээр тооцоолол гаргасан уу. Өөрөөр хэлбэл татварыг өндөр тавиад бага үнээр нүүрсээ зарж, дундаас нь ашиг унагаах маягаар татвараас зугтаад байна шүү дээ. Яг тэр хугацаанд нийлүүлэлт хийсэн компаниудын мэдээлэл байна уу?

Шинжээч: ЭТТ компанийн 2018-2022 оны тайланд энэ талаар тусгагдаад гарчихсан. Засгийн газрын 2014 оны 220, 2015 оны 102, 103, 2019 оны 342, 465 дугаар тогтоолуудаар нүүрс төмрийн хүдэр, төмрийн баяжмалын хувьд АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээний үнээр тооцсон. Борлуулалтын үнэлгээнээс ногдуулж тооцох нөхцөлийг бүрдүүлж, бусад экспортлогч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныг Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор зогсоож, хуулийн дагуу АМНАТ ногдуулах боломжийг бүрдүүлсэн.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Өчигдрийн бүтэн зураглалаар жолоочдыг урдаа гаргаж шахчихаад цаанаа богино хугацаанд их мөнгө хийгээд байгаа нөхдүүд нь компаний боссууд. Гаальтай холбогдчихсон татвараас зайлсхийдэг, цавчаа хийдэг энэ том схем ил болж байна. Сонсголын ач холбогдол энэ шүү дээ. Хүмүүс юу болоод байгааг ойлгодоггүй. Одоо бүрэн зураглалаар харуулж байна. Явж явж сүүлдээ тээврийн компанийн боссууд гаалийн мафи гэсэн хоёр зураглал тодорхой харагдлаа.

ТИ ЖИ ЮУ КО КОМПАНИАС ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛБАЛ АМИА ХОРЛОНО ГЭСЭН

ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбуян: Нүүрсний үнэ унаад байгаа юм бол та нар илүү зардал гаргаж өртөг нэмж яах гээд байгаа юм бэ. Цагаан хад гэж юу юм бэ. Түүнийг боль, хая. Маш хямд үнээр эндээс гарсан юм бол маш хямд үнээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлтээ хийгээд хилээрээ гар гээд явуулсан. Баруун Цанхын уурхайгаас ингэж явуулсан. Ингэтэл хил дээр очоод оочерлочихсон. Тэгэхээр хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ганц шугамаар биш зэрэгцээд 3-4, найман эгнээгээр ороод гардаг болгосон. Хоёрдугаарт, Энхбаяр даргын хэлж байгаа жолооч шатсан асуудал арай өөр. Энэ нь гэрээт олборлогч Ти Жи Юу Когийн нөхдүүд хэрвээ манайхаас гэрээ цуцалбал тэгнэ ингэнэ гэж сүрдүүлдэг. Манайхаас үнэ төлбөргүй шилжүүлж авсан компанийн жолооч нарыг уруу татдаг байхгүй юу. Тэгээд нэг өдөр нөгөө нөхөр чинь манай компанийн үүдэн дээр жолооч нар маань эсэргүүцэл зарлаж байна. Та нар учраа ол гэсэн нөгөөдөр нь манай компани дээр ирчихсэн хэрвээ Ти Жи Юу Ко компаниас гэрээ цуцлах юм бол амиа хорлоно гэсэн шүү дээ. Эрдэнээ гэдэг хүн өөр рүүгээ бензин цацаад шатаасан ш дээ. Түүний зардлыг төр төлж байгаа гэсэн. Наадах чинь тэнэг байна. Ер нь монголчууд ийм тэнэг амьдралтай байхгүй юу. Нэг хэсэг нь ажил хийе явъя, урагшилъя гэж байхад нэг хэсэг нь өөдөөс нь хараад ангайгаад суучихдаг. Эрдэнээ гэдэг нөхрийн эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байна гэсэн. Тэр буруу. Хэрвээ цаашид ингэж явах юм бол хөгжихгүй. Аль болохоор зардал нэмдэг. Зах зээлийн чинь үнэ багассан юм бол өртгөө багасга. Яаж багасгасан тухайгаа Батсуурь захирал ярь одоо.

ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Би хоёр жил гаруйн хугацаанд хамтарсан багаар удирдсан. Энэ хугацаанд чухал менежмэнтийг нэвтрүүлсэн юм. Энэ юу гэсэн үг гэхээр ЭТТ компани ерөөсөө л нүүрс пүүлэх, зарах, мөнгөө тоолохоос өөр ажил хийхгүй болгосон. Ийм зүйл рүү зорьсон. Энэ нь баруун Цанхын уурхайг тендер зарлаад үндэсний хэдэн компаниа оруулж олборлуулсан. Хямдхаан. Тэгээд Засгийн газартай яриад энэ нүүрсэн дээр гүний гааль байгуулж ажиллая гээд. Тойроод хашаа бариад сарын дотор шийдээд, гүний гааль байгуулсан. Урьд нь өөрсдөө олборлодог, өөрсдөө тээвэрлэдэг түүнийг дагасан хар мянган тендер зарладаг, худалдан авалт хийдэг. Тэр болгон нь хэд ам дагуулдаг. Тийм л байсан. Тэр бүгдийг болиулаад ам нөхцөлөөр зардаг болгосон. Олборлогч компани олборлоод өгчихнө. Аман дээрээсээ пүүлээд өгчихнө. Тэгээд мөнгөө тоолоод л сууж байдаг өөр ямар ч үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Элдэв тээвэр хийхгүй. Авсан компаниуд нь зах зээлийн жамын дагуу тээврээ хийгээд явна. Ингэвэл ЭТТ-д ашигтай бөгөөд өнөөдрийн яригдаад байгаа янз бүрийн зүйлүүд гарахгүй ийм л байх байсан юм. Үүнийг бид Засгийн газартай тохиролцож хийгээд нүүрсээ аман дээрээ овоолоод, шууд тэндээсээ зарсан. Хятадууд өөрсдөө тээврээ хийгээд хилээр гардаг байсан. Энэ бол хамгийн зөв менемэнт байсан. Хэрэв өөрсдөө тээвэрлэх юм бол түүнийг дагасан машин авна. Олон мянган жолооч нартай болно. Сэлбэг авна, дугуй авна. Өчнөөн худалдан авалт гээд төрийн компанид ийм зүйл зохимжгүй. Ийм зүйл хэрэггүй. Цаашдаа ч гэсэн би энэ компанийг ингэж яваасай гэж боддог.

ШУУД УУРХАЙН АМНААС БООМТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ

ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд: Намайг 2016 оны есдүгээр сард ажил авах үед ЭТТ компани бараг дампуурчихсан байсан. Гадаад, дотоод өр нь нийлээд 400 сая гаруй ам.долларын өртэй. Ганцхан зүүн Цанх ажилладаг. Баруун Цанх зогсоод жил гаруй болчихсон. Өөрсдөө зарж борлуулах нүүрс байхгүй. Зүүн Цанхаас гарч байгаа нүүрснийхээ 65 хувийг Чалко компанийн өрөө нүүрсээр төлдөг. 35 хувиа Ти Жи Юу Ко компанид борлуулалтын хөлсөнд өгдөг. Өөрсдөө цалин пүнлүүгээ тавих нүүрсгүй болчихсон. Баруун Цанхаа зогсоочихсон. Үлдэгдэл агуулахын жаахаан юм байсан. Өмнө нь Засгийн газрын хурлаар оруулаад ЭТТ-г менежмэнтийн хувьчлалд оруулах асуудал ч яригдаж байсан шүү дээ. Ер нь ЭТТ компанийг дампуурсан байдалтайгаар ажил хүлээж авсан. Тиймээс нүүрсээ үнэд хүргэе гээд хамгийн түрүүнд баруун Цанхыг ажиллуулах хэрэгтэй гэж үзсэн. Яагаад гэвэл Чалко зүүн Цанхыг бүтэн эзэлчихсэн. Чалкогийн гэрээний үнээр Ти Жи Юу Ко бас нүүрсээр авдаг. Бид бэлэн мөнгөөр  төлөх эрх байхгүй. Бэлэн мөнгө нь ч байхгүй. Тийм нөхцөлд байсан учраас бид баруун Цанхыг маш түргэн хугацаанд ажиллуулъя гэдэг тактик баримталсан. Баруун Цанхын нүүрсээр Чалкогийн өрийг даръя гэдэг тактик баримтлаад ажилласан. Тиймээс 2016 оны арванхоёрдугаар сард баруун Цанхыг ажиллуулж эхэлсэн. Хамгийн түрүүнд бид баруун Цанхыг ажиллуулсны хүчинд 1 сая гаруй тн нүүрс гаргаж авсан. Энэ 1 сая тн нүүрсний хамгийн анхны дуудлага худалдааг 2017 оны нэгдүгээр сард хийж байсан. Гэхдээ Чалко компанийн өрийг заавал гурван сарын өмнө өрөө дарна гэсэн гэрээтэй байсан. Тиймээс бид тооцоолоод гурван сарын өмнө өрөө төлнө гэж мэдэгдэл хүргүүлсэн. Гол нь бидэнд нүүрсээ яаж борлуулах вэ гэсэн асуудал байсан. Өмнө тодорхой аргачлал байгаагүй учраас биржээр борлуулаад үзвэл яадаг юм гэж санаад тухайн үед Баатар дарга байсан байх. Хөдөө аж ахуйн биржид бид санал тавьсан. Манай нүүрсийг борлуулаач гээд албан бичиг явуулсан. Тухайн албан бичгүүд байгаа байх. Дараа нь Баатар дарга ирээд уулзсан. Манайх хөдөө аж ахуйн бирж учраас манай флатформд таарахгүй юм байна гэсэн. Тэгээд бид Худалдан авах ажиллагааны газарт хандсан. Нүүрсийг танайхаар дамжуулж зарах боломж бий юу гээд. Бид уурхайн ажил л хийхээс зарах нь бидний ажил байгаагүй. Гэтэл Худалдан авах ажиллагааны газраас боломжгүй гэсэн хариу ирсэн учраас бид өөрсдөө нүүрсээ зарахаас өөр аргагүйд хүрсэн. Ямар нэг хэмжээгээр сонгон шалгаруулалт хийе, журам гаргая гээд гаргасан. Энэ журмаа ТУЗ-өө үзүүлээд, Засгийн газраар батлуулаад сонгон шалгаруулалтын журам гаргасан. Энэ журмын дагуу нүүрсээ борлуулаад Чалко компанийн өрийг 2017 оны зургаан сард дарсан. Яг ажлаа аваад зургаан сарын дараа өрөө дарж байсан юм. Тэгснээрээ бид баруун Цанхыг үнийг зах зээлд ойртуулах боломж үүссэн. Зүүн Цанхын үнийг Чалкотой тохирох боломж үүссэн. Зүүн Цанхаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрх үүсч байсан.

Намайг ажил авах үед Цагаан хад зогсчихсон байсан. Тэгээд бид уртын тээвэр хийдэг байсан. Уурхайн амнаас шууд Ганц мод руу очдог. Цагаан хад бүрэн зогсчихсон сайхан байсан. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Шууд уурхайн амнаас боомт хүртэл тээвэрлэх нь хамгийн зөв. Голд нь Цагаан хад гэдэг юм бий болгоод тэнд буулгаад, ачаад маш их зардал гарна. 1 тн нүүрснээс бараг 3 ам.долларын зардал илүү гарна. Ачих, буулгах зардал гээд нэмэгддэг.

Хянан шалгах хорооны гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Богинын тээвэр хийж эхэлсэн үеэс нүүрс алдагдаж эхэлсэн бололтой. 2017 оноос эхэлсэн ерөнхий дүр төрх харагдаад байна. Богинын тээвэр дээр нүүрсний хулгайн гол зангилаа очоод байна. Тээврийн зардал дээр хулгай байна гэдэг тайлбар мэдээлэл өгөөч?

ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд: Цагаан хадыг нээснээс хойш би хагас жил хэртэй ажиллаад ажлаа өгсөн. Намайг ажиллах ихэнх хугацаанд хаалттай байж таарсан. Гол нь тэнд мөнгөтэй комданиуд асар их тн нүүрс овоолчихоод зах зээлийн үнэд нөлөөлөх нөхцөл бүрдчихээд байгаа юм. Түүнээс биш хил гаалиар татвараас зугтахаар бүрдүүлэлт хийлгүй гарсан баахан хоосон машинууд байсан юм болов уу даа. Жил болгон 1 сая тн нүүрс хулгайд алдсан гэнэ лээ. Намайг ажиллаж байх үед Тавантолгойгоос нүүрс гараагүй. Би хулгайд алдаагүй гэж бодож байна. Надад мэдэгдэхгүйгээр тийм олон хүн тийм их хэмжээний нүүрс ачаад гарах боломж байхгүй. 100 мянган тн нүүрс гаргахын тулд 1000 машин явна. 100 тонноор ачлаа гэхэд. Мянга мянган машиныг, тэгээд 1 сая тн нүүрс алдаж байдаг тийм онгорхой сав ЭТТ биш шүү дээ. Маш олон давхар шалгалттай. Төрийн байгууллага ч гэсэн бид маш олон шалгалттай, маш олон хяналттай. Тэгэхээр тийм их хэмжээний нүүрс алдсан гэж бодохгүй байна. Магадгүй ганц хоёр машин нүүрс хэн яаж гаргасан мэдэхгүй шүү дээ. Бүгдийг бүрэн үнэлж чадахгүй ч тийм их хэмжээгээр алдана гэх ямар ч боломж байхгүй. Бид жилдээ 8 сая тн нүүрс олборлосон. Түүний 4 саяыг нь Чалко авчихдаг. 4 саяыг нь баруун Цанхаас олборлодог. Тийм ихээр халгиж цалгисан нүүрс гэж байхгүй. Дээр нь тээвэр ч олдоггүй л байсан үе.

НАЙЗ НӨХӨД, ТАНИЛЫН ХУВЬД ГУЙЖ БАЙСАН ЗҮЙЛҮҮД БИЙ

Хянан шалгах хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гүйцэтгэх захирлын албыг хамгийн анх хашсан Б.Энэбиш даргаас асуумаар байна. Таныг хэн томилсон юм бэ. Тухайн үед улс төрчид яаж шахалт хийдэг байсан бэ. Ямар хүмүүс байв? 

ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш: Би Улсын их хуралд олон жил ажилласан. 1990-2001 он хүртэл ажилласан. Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн хэлтсийн зөвлөхөөс Тамгын газрын дарга, орлогч дарга болтлоо ажиллаж байсан. Үүний дараа дипломат алба хашсан. Түүний дараа 4 жил орчим гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажилласан. Түүгээрээ уул уурхай, геологийн ажлын туршлага хуримтлуулсан. Тэр үедээ 2-3 компани ч удирдаж байсан. Тэр үе ч монголын уул уурхайн алтан үе гэж яригддаг. Тэр ч үнэн. Хэн энэ ажлыг санал болгосон бэ гэвэл миний хажууд сууж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ ажлыг надад санал болгосон. Бид Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар нэг хэсэг хамт ажилласан. Бие биенээ сайн танина. Эрдэс баялагийн яаманд 2008 оны арванхоёдугаар сарын эхээр УИХ-д 40 дүгээр тогтоол батлаад, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөе гэсэн хамтарсан Засгийн шийдвэр гарсан юм билээ. Миний ойлгосноор Д.Зоригт сайд ийм шийдвэр гарлаа үүнийг авч явах нэлээд хүмүүсийг судаллаа. Түүн дотор та байна гээд санал болгосон. Би хэд хоног бодож байгаад зөвшөөрсөн. Тухайн үед С.Баяр дарга ерөнхий сайд, Шадар сайд Н.Алтанхуяг энэ хоёр хүнийг сайн танина. С.Баяр даргыг Төрийн байгуулалтын байнгын хороон дарга байхад би зөвлөх байсан. 90-ээд оны сүүлчээр С.Баяр дарга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхад би Их хурлын тамгын газрын даргын албыг хашдаг байсан. Ажил хэргийг харилцаа холбоотой бие биеэ сайн мэдэх хүмүүс.

Хоёрдугаарт, улстөрчдийн шахаа байсан. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан. 2010 оны зун өмнөх тогтоол дээрээ Тавантолгойн ордын тухай дэлгэрэнгүй гаргасан. Үүний үндсэн дээр Засгийн газраас нэлээд олон тогтоол шийдвэр гаргасан байдаг. Энэ хүрээнд манай үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. 2010 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлхэд Эрдэнэс Монгол лиценз эзэмшигч байсан учраас 2011 оны долдугаар сард бид хөрс хуултаа эхлээд экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон байсан. Засгийн газраас шахаа байсан гэж хэлнэ. Засгийн газар нь өөрөө сонгуулиар хоёр нам нэгдээд Хүний хөгжлийн санд Монгол Улсын иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад мөнгө өгнө гээд амлачихсан. Хүний хөгжлийн сангийнхаа хуулийг, төсвийг батлаад ЭТТ, Эрдэнэс Монгол Эрдэнэт компаниуд дээр ийм мөнгө оруул гэсэн. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд өгсөн шахаа гэж томъёолж болох юм даа. Ийм л хүрээнд бид ажлаа эхэлсэн. Энэ хүрээнд ажлаа эхлүүлэхийн тулд том далайцтайгаар эхлүүлэх шаардлагатай болсон. Хувь улстөрчдийн хувьд ямар шахаа байсан бэ гэж байх шиг байна. Тухайн үед зөндөө л дарга, сайд ярьдаг байсан. Дарга, сайд найзуудтайгаа уулзаж учраад зөндөө ярьдаг байсан. Ажлаа өгсний дараа би бодож байхад гишүүдээс 30 гаруй нь утсаар холбогдсон ч юмуу, дуудаж уулзаж байсан ч юмуу, тааралдаад ярьж байсан ч юмуу тийм зүйл байдаг л юм. Гэхдээ түүнд хууль тогтоомж ингэж зөрч, тэгж зөрч гэсэн зүйл байгаагүй. Найз нөхдийн хувьд, танилын хувьд гуйж байсан зүйлүүд бий. Нэрсийг нь энэ олон жилийн дараа мартжээ.

С.ОТГОНБАЯР