Монголын Ипотекийн Корпораци “Entrepreneur-2023”-аас Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч шагнал хүртлээ

timelive.mn 2023-12-25

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” ёслолын арга хэмжээнээс “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК (МИК) Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер шагналыг хүртэж, анх удаа хүрэл Меркури цомын эзэн боллоо.

МИК нь 2023 онд Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж Комплаенсийн менежментийн олон улсын стандартын тогтолцоог хэрэгжүүлсэн хувийн болон санхүүгийн салбарын анхны байгууллага болсон юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 37301:2021 стандартыг нэвтрүүлснээр хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжүүлэх менежментийн тогтолцоо олон улсын стандартын түвшинд бүрдэхээс гадна компанийн дотоод үйл ажиллагаанд комплаенсийн соёлыг төлөвшүүлэх, комплаенсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод байдлыг дэмжин, гадаад дотоод харилцагч болон сонирхогч талууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах мөн үйл ажиллагааны үр ашигт байдал, цар хүрээгээ тэлэх эерэг нөлөөг үзүүлсээр байна.

МИК нь үүссэн байгуулагдсан цагаасаа олон улсын стандарт, сайн туршлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ирсэн. 2017 онд Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монгол Улсын анхны байгууллага болон анхдагч групп компани болсон. 2022 онд Эрсдэлийн удирдлагын ISO 31000:2018 олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр дээрх 3 стандартыг зэрэг нэвтрүүлсэн санхүүгийн салбарын анхдагч байгууллага болсон юм.

МИК-ийн толгой компани болох МИК Холдинг ХК нь компанийн засаглалын сайжруулах тал дээр байнга анхааран ажиллаж өөрсдийн санаачилгаар Олон улсын санхүүгийн корпорациас (IFC) засаглалыг сайжруулах зөвлөгөө авсан бөгөөд тус зөвлөмжийн хүрээнд холбогдох сайжруулалтыг хийсэн. Дээрх зөвлөмж болон Олон улсын засаглалын  сайн туршлага, үндэслэн компанийн  засаглалын бодлого, дүрэм журмыг шинэчлэн батлуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс”-ын хүрээнд тус кодексийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутам СЗХ, МХБ-д шинэчлэн хүргүүлж  хянан баталгаажуулж засаглалын зэрэглэл тогтоолгодог. 2023 оны хагас жилийн байдлаар 100 гаруй хувьцаат компаниудаас засаглалын үнэлгээгээр тэргүүлэгч 10 компанийн нэг болоод байна. Мөн 2023 онд ТУЗ-ийн дэргэд байнгын үйл ажиллагаатай “Тогтвортой хөгжлийн хороо”-г шинээр байгуулсан.

МИК нь Ёс зүйн дүрмийг  Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан батлуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) зөвлөмж, олон улсын сайн туршлагад нийцүүлэн ТУЗ,  Ажилтны ёс зүйн дүрмийг нэгтгэн “Ёс зүйн дүрэм”-ийг ТУЗ-өөс баталсан. Тус ёс зүйн дүрэмд компанийн эрх бүхий албан тушаалтан, удирдах ажилтан ажилчид бүгд нэг ёс зүйн зарчим, хэм хэмжээг баримтлах нь зүйтэй гэсэн санааг тусгасан. Мөн компанийн үнэт зүйлсийг тодорхойлон нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй байх талаар заалтуудыг оруулж өгсөн юм.

Нэгэн түүхийг эргэн сануулбал 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нарын гурван байгууллага хамтарсан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан. Тус санамж бичигт орон сууцны бодлогын хүрээнд хувийн хэвшлийн 10,000 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, ипотекийн зээлийн зах зээл болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих урт хугацаат ипотекийн зээлийн нөхцөлийг сайжруулах замаар орон сууцны санхүүжилтийг хүртээмжтэй болгох зорилго тавьж байжээ. Үүнээс 2 жилийн дараа  төрөөс хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 5.7 сая кв.метр орон сууцыг үнэт цаасжуулж, 120 мянган өрх айл хөтөлбөрийн үр дүнд орон байртай болсон билээ.