Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 48 хүрлээ

timelive.mn 2024-01-2

Даваа гарагт Япон улсын төв бүсийн баруун эрэг дагуу нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 24 цаг өнгөрч байна.

Сүүлийн байдлаар энэхүү гамшгийн үеэр амиа алдсан хүний тоо 48 хүрчээ.

Хуучин байшин барилгууд олноор нурсан тул нуранги дор дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна. Тиймээс хохирлын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг гамшгийн төв болоод буй Ишикава мужийн захиргаа мэдээлжээ.

Газар хөдлөлтийн үеэр дарагдсан хүмүүсийг аврахын тулд аврагчид цаг нартай уралдан ажиллаж буйг Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хэлсэн үгэндээ мэдэгдсэн юм.

Нийтдээ 1,000 орчим аврагч гамшгийн бүсэд ажиллаж байна.

Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний цэргүүд орон гэрээсээ дүрвэсэн иргэдэд хоол хүнс, ундны ус, хөнжил тараах ажлыг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар баруун эрэг дагуу нутагт зарласан цүнамигийн түгшүүр бүрэн цуцлагджээ.

Нийтдээ 33,000 орчим өрх өвлийн хүйтэнд гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байна. Олон хотод бас ундны усны хангамж тасарчээ.

Гадаад улс орнууд Японд тусламж үзүүлэх санал тавьж эхлээд байна. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден аль ч хэлбэрийн шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: BBC