Ж.Эрхэмбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр надад ямар нэгэн өс байхгүй гэж найдаж байна. Түүнийг Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн

timelive.mn 2024-01-3

Цахим Хөгжил Харилцаа Холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нүүрсний сонсголоор яригдсан асуудлын талаар Төрийн ордонд өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол болсон. Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Нүүрсний сонсгол их хүлээлттэй байсан.

УИХ-ын хянан шалгах, нийтийн сонсголын тухай хуулиар нүүрсний сонсголыг маш нарийн хуульчилж өгсөн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хянан шалгах түр хорооны даргаар ажиллах үеэрээ зарим нэг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа хийсэн. Энэ нь миний биетэй холбогдоно.

Нүүрсний сонсголын үеэр миний биеийг нэгэн тээврийн компанитай холбож, тодорхой ашиг сонирхолтой, бизнес хийдэг, гэмт хэрэг хамтарч хийсэн, ашиг хүртдэг гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн.

Нийтийн сонсголын үеэр хэд хэдэн ажил хийгдэх ёстой. Хянан шалгалтын хорооны чиг үүрэг нь аюултай болохыг харлаа. Гэрч гэх статустай этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харин гэрчид ямар нэгэн байдлаар хуурамч мэдээлэл тараахыг хориглох хуультай. Иймэрхүү эрх зүйн орчинд зохион байгуулагдах зохицуулалттай.

Шинжээчийн дүгнэлтээс өөрийнхөө жишээтэй холбож ярихад тээвэр хийдэг нэг компанитай нэгдмэл сонирхолтой гэж зарласан. Энэ сонсголын үеэр нотлох баримтууд танилцуулагдах ёстой байна. Тухайн тээврийн компани хэзээ ямар үйлдлээр хил нэвтэрсэн, үйл явц ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг танилцуулах ёстой байсан.

Нотлох баримт гэдэг бол хуулийн ойлголт. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх зэрэг үе шат нь нарийн хуульчлагдсан. Тэр нотлох баримт үнэн зөв эсэх талаар шинжээч ямар дүгнэлт гаргасан талаар танилцуулах сонсгол байсан.

Энэ сонсголын үндсэн чиг үүрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах ёстой байсан. Тухайн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудын тээвэр, хэрхэн хэрхэн явж байгаа талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах эрхийг хангаснаар тэр эрх хэрэгжинэ.

Чухам ямар үндэслэлээр дүгнэлтэд хүрч байгааг харуулахгүйгээр олон нийтэд мэдээлэл өгснөөр иргэний мэдээлэл авах эрх нь зөрчигдөж байгаа юм. Тэр хэлэлцүүлгийн явцад хэн нэгэн хүний нэр дурдагдах, гэмт хэргийн болон зөрчлийн холбоотой мэтээр зарлах нь Үндсэн хуульд заасан эрхэд халдаж байгаа гэсэн үг. Төр өөрөө халдах чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Энэ сонсголын үеэр нэг том хохирогч гарсан нь компани байсан. Тэр сонсголын үеэр хулгайчдыг зарла гэж үүрэг өгөөгүй. Чухамдаа тухайн компанийн үйл ажиллагаанд ямар давуу болон сул тал байсныг ярьж цаашдаа явах байсан. Цаашдаа энэ компанитай ямар нэгэн этгээд хамтарч ажиллахад хулгайч гэж зарлагдах эрсдэл рүү явж орсон.

Ашигт малтмалын орлогоос төсвөө бүрдүүлж, ногдол ашгаа нэмэгдүүлэх гэсэн бизнесийн зорилго эрсдэлд орж байна. Сонсголын цаанаа учирч буй эрсдэл, сөрөг талуудыг харж, дүгнэлт хийх ёстой” хэмээн тайлбарлав.

“УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨГСӨН”

Үргэлжлүүлэн өөртөө нь холбоотой мэдээллийн талаар тайлбар өгөв. 

Тэрбээр “Хяналт шалгалтын үеэр танилцуулагдсан нотлох баримтуудын үнэн зөвийг нягтлах үүрэг нь хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаярт байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх чиг үүргээ биелүүлээгүй. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн.

Дараагийн чухал оролцогч нь шинжээч. Шинжээч нь худал мэдээлэл, дүгнэлт гаргавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн албан тушаалтан. Тэр шинжээчид хэн нэгэн этгээд хууль бусаар нөлөөлөхийг хориглодог. Хэрэв хууль бусаар нөлөөлсөн нь тогтоогдвол нэг төрлийн гэмт хэрэг.

Шинжээч ямар нотлох баримтыг үндэслээд юунд хүрсэн нь харагдаагүй ч, дүгнэлт танилцуулагдсан. Дүгнэлтээр миний биеийг “Нэмэх тээвэр” ХХК-тай хамтарч бизнес эрхэлдэг юм шиг зарласан. Улсын бүртгэлийн нэг нүүр лавлагаанаас миний биетэй ямар ч хамааралгүй болох нь харагдаж байгаа.

2019 он хүртэл “Нэмэх тээвэр” ХХК-ийн хувьцааг иргэн Б гэж хүн эзэмшиж байсан. Хожим миний эзэмшиж байсан “Мастермикс” ХХК-ийг иргэн Б хоёр найзын хамт ирээд худалдаж авсан байгаа юм. Энэхүү шилжүүлэх процессын үед би энгийн иргэн байсан. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан байгаагүй. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг нь нийтийн албан тушаалтантай хамааралтай ойлголт.

Би 2023 оны нэгдүгээр сард дэд сайдаар томилогдсон. Баруун зүүнээрээ солилцоод, хувьцаа борлуулсан буюу бидний өдөр тутмын амьдралд хийдэг арилжааны хэлцлийг хийсэн. Тэр хүнийг өмнө ямар бизнес эрхэлдэг байсныг мэдэхгүй. Би “Нэмэх тээвэр” ХХК-тай холбоотой бизнес огт эрхэлж байгаагүй.

Тиймээс нэгэнт авагдсан нотлох баримтыг үнэлээд дүгнэлтэд хүрсэн шинжээчийн талаар цагдаад гомдол гаргачихсан байгаа. Шинжээч цагдаад очоод олон нийтэд танилцуулаагүй ямар баримт байгаа талаар тайлбар өгөх ёстой.

Би цагдаа болон Үндсэн хуулийн цэцэд хандаад буй гол зорилго нь нэр төртэй байх эрхээ хамгаалахыг зорьж байгаа. Нийтийн албан тушаалтны хувьд олон нийтийн итгэлийг даах үүрэгтэй. Гэтэл би ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргийн үйл ажиллагаанд холбогдсон бол ажлаа өгөх үүрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь Хөгжлийн Банкны сонсголын үеэр 2014 онд Голомтын Д.Баясгалан захирлын авсан зээлийг 2023 оны нэгдүгээр сард томилогдсон Ж.Эрхэмбаатарыг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан мөн. Энэ ахдаа нөлөөлж зээл авч өгсөн хэмээн танилцуулсан.

2014 оны өгсөн зээлд 2023 онд томилогдсон миний бие яаж нөлөөлөх вэ. Тэр үед би хорин хэдэн настай залуу хүү өмгөөлөгч хийгээд явж байсан” гэв.

Үүний дараа дэд сайд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө “Би нүүрсний сонсголыг бүтэн үзсэн. Нэг ширхэг ч нүүрс ачсан машин хилээр гарч байгаа бичлэг харагдаагүй. Тэр машин хэзээ гарсан, мэдүүлэг өгөх үед хэн жижүүрлэж байсан гэдгийг огт танилцуулаагүй. Намайг гэрчээр дуудаагүй.

“Мастермикс” ХХК-ийг жижигхэн барилгын төсөл эхлүүлэхээр худалдаж авсан. 51 хувийг эзэмшдэг байсан нь үнэн. Тэр үед цар тахал таарч барилгын төсөл зогссон. 2, 3 удаа зарах гээд чадаагүй. Хоёр нь Швед улсад ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн гурван залуу ирээд худалдаж аваад явсан. Иргэн Б 2022 онд “Нэмэх тээвэр” ХХК-аас гарчихсан байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр надад ямар нэгэн өс байхгүй гэж найдаж байна. Хянан шалгах түр хороо гэдэг хэн нэгэн гарч ирээд попрох, улс төрийн өш хонзон авах эрхгүй. Энэ бол хуулиар нарийн зохицуулагдсан тусгай ажиллагаа. Тэр хурал дээр зөвхөн мэргэжлийн мэтгэлцээн явах ёстой” хэмээн ярилаа.