21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай орон сууцны гадаа байсныг шалгаж байна

timelive.mn 2024-01-4

21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэснийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал өчигдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны гадна “Сэжиг бүхий хүмүүс байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгахад 21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

Иргэд гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 1,879 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1,486, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага, мэдээлэл иржээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар/ЦЕГ/