З.Батбаяр: 20 давхар байшин барихын тулд улсаараа 3-4 хоног хэрэглэх хэмжээний усыг ашиглаж байна

timelive.mn 2024-01-4

Усны Газраас хөрсний ус шавхаж буй барилгын компаниудын зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дараах байгууллагын хөрсний ус зайлуулж байгаа асуудлаар Усны газраас удаа дараа очиж ажилласан мөн прокурорын байгууллагад холбогдох хэргийг нь үүсгэхээр хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй гэв.

Усны газрын дарга З.Батбаяр “Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын уулзвар хуучин Худалдаа Хөгжлийн Банк байсан барилгыг нурааж, барилга барьж байгаа компани дээр 5-6 сарын хугацаанд очиж шалгалт хийхэд тасралтгүй ус гоожиж байна. Харамсалтай нь тавьсан шаардлагад хариу өгсөнгүй.

Уг барилга дээр барилгыг барьж байгаа “Хурд пропертис” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Рийверстөүн пропертис” ХХК гэсэн хоёр компани бий.

  • 2015 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа авч 28 давхар, 2-3 давхар зоорьтой барилга баригдахаар батлагдсан.
  • 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Геодези, Усны Барилга Байгууламжийн Газартай 21 сая төгрөгөөр тэдний шугам хоолойг ашиглаж ус зайлуулахаар гурван сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. 2022- 2023 онд ус шавхсан мөртлөө гуравхан сарын хугацаатай ус зайлуулсан мэтээр гэрээ хийсэн нь асуудалтай.
  • Түүнчлэн уг гэрээн дээр долоон насостойгоор ус зайлуулж байгаа гэсэн ч биднийг очиж ажиллахад 22 насостойгоор ус зайлуулсан байсан.

Энэ байгууллага яаралтай Усны газар дээр ирж хэдэн насосын талаар мэдээллээ хэлэхгүй бол бид аргагүй эрхэд усны нөөцөд хохирол учруулсан аргачлалаар тооцно. Нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын 3-4 хоног хэрэглэх хэмжээний усыг ашиглаж байна” гэв.

Манай улс 2023 онд 645 сая м.куб усыг ашигласан байна. Гэтэл ганцхан компани хоёр жилийн хугацаанд 5.7 сая м.куб ус зайлуулсан байна гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Түүнчлэн уг компани нь хууль дүрмийн дагуу Усны газраар дүгнэлтээ гаргуулаад явсан бол зайлуулсан усны хэмжээгээрээ 5.6 тэрбум төгрөг байх байсан аж. Гэвч зөвшөөрөлгүйгээр ус ашигласан учир Усны газраас 146 тэрбум төгрөгийн хохирлыг тооцож байгаа юм байна.

Энэ барилга байгаа цагт үргэлж хөрсний ус зайлуулсаар байх учир 146 тэрбум төгрөг төлөөд асуудал дуусахгүй гэв.

Дээрх жишээнээс гадна бусад хөрсний ус зайлуулж буй барилгын компаниудад ийм хэмжээний төлбөр, хохирол тогтоогдоод явна гэдгийг Усны газраас онцлон хэлж байв.