УИХ-ын намрын чуулганы өчигдрийн /2024.01.04/ хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуув.
Тэрбээр “Машин, хурдан морины сугалаа явуулж байна. Хүмүүс ч оны өмнө л амжуулчихлаа даа, оноос хойш яах вэ. Би Дарханд байгаа ах, дүү нартайгаа бэлэн мөнгө бариад золговол сонгогч татсан хэрэгт орох уу” гэх асуултыг асуусан ба харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Г.Дамдинням гишүүн мөнгө тараахаа боль” хэмээн үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан юм.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгтээ залруулга хийлээ.
Тэрбээр “Сонгуулийн жил эхэлсэн. Энэ үед хариуцлагатай байхыг сануулсан. Г.Дамдинням гишүүний хувьд зарим хүмүүс цагаан сарыг далимдуулж мөнгө тарааж болохгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Түүнээс биш Г.Дамдинням гишүүн мөнгө тараадаг хүн биш, мөнгө тараагаагүй, тойрогтоо иргэдийн саналыг авч ажиллаж байгаа” хэмээн онцлоод “Харин энэ жил янз бүрийн эд зүйл тараадаг биш том тойрог дээр ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, ард түмний төлөөлөгч болж ажиллах энэ зарчимтай холбогдуулж цагдаагийн даргад санал хүсэлтийг тавьсан. Хиймэл оюун ухаан ашигласан сошиал медиаг бид хянах боломжгүй байгаа. Үүнээс урьдчилсан сэргийлэх тал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах зүйл байгаа” гэлээ.
0 cэтгэгдэлтэй