Казахстан улсын Гар Бичмэл, Ховор Номын Үндэсний Төв өнгөрсөн оны сүүлээр Энэтхэг улсын Патна хотын номын санд хадгалагдаж байсан хоёр номын хуулбарыг хүлээн авсан тухай “The Astana Times” сонин өчигдөр мэдээлжээ.
Эдгээр нь перс хэл дээр бичигдсэн “Тарих-и-Абул Хайр Хан”, “Монголчуудын Түүх” нэртэй хоёр ном юм байна.
Казахстан улсын засгийн газар өөрийн түүхтэй холбоотой судар бичгүүдийг цуглуулах “Архив-2025” хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж байжээ. Дээрх хоёр номыг энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд Энэтхэгийн Патна хотын номын санд явуулсан судалгааны үр дүнд олж авсан юм байна.
Хоёр номын нэг нь 1710-1748 оны хооронд Казахын Бага жузыг захирч байсан Абулхайр Ханы түүхийг өгүүлдэг ажээ.
Тэрбээр 1723-1729 оны Зүүн гарын эсрэг дайнд чухал үүрэгтэй оролцсоноос гадна 1731 онд Казахуудыг Оросын захиргаанд ороход бас голлон нөлөөлсөн түүхэн хүн юм байна.
Шилжүүлж авсан хоёр дахь ном болох “Монголчуудын Түүх”-ийн талаар “The Astana Times” сонинд тодорхой мэдээлэл нийтлэгдээгүй байна.
Номуудын хуулбарыг хүлээлгэж өгөх арга хэмжээнд Казахстаны Гар Бичмэл, Ховор Номын Үндэсний Төвийн захирал Жандос Болдыков, Казахстанд суугаа Энэтхэгийн элчин сайдын яамны соёлын төвийн захирал Санжай Веди нар оролцжээ.
Эх сурвалж: The Astana Times
0 cэтгэгдэлтэй