Э.Даваахүү Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпын эрх авлаа

timelive.mn 2024-01-8

Индонезын Жакарта хотноо энэ сарын 5-18-нд болж буй буудлага спортын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ) эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 55 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр урьдчилсан шатанд 579 оноогоор шигшээ наймд шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноо авснаар гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпын эрх авлаа. Энэ дасгалд Энэтхэгийн Варун Томар алт, Аржун Синх Чеема мөнгөн медаль хүртсэн юм.

Ингэснээр Э.Даваахүү Францад болох зуны олимпын эрх авсан Монголын хоёр дахь буудагч боллоо. Түүнээс өмнө О.Есүгэн олимпын эрх авсан билээ. Э.Даваахүү дөрвөн жилийн өмнө Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай нэгэн.