“Тухайн дүүрэгт хот, нийтийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцаж буй хүмүүсийн утас, цахим хуудсыг олон нийтэд нээлттэй зарлана”

timelive.mn 2024-01-8

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү хот тохижилтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод давс болон бодисын нөөц хангалттай ирсэн. Нэг хэсэг тасарсан юм. Өнгөрсөн долоо хоногт зам талбайн цэвэрлэгээний ажилд 24 байгууллагын 584 албан хаагчид, Төв талбай дээр 98 машин техник ажиллаа.

Мөн техник, зам талбайн үйлчлэгч нарыг нэмж 24 цагаар гаргасан. Энэ долоо хоногийн эхний байдлаар 650 үйлчилгээний ажилтан, 105 машин ажиллаж байна.

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот тохижилтын газрууд, дүүрэг, хувийн хэвшлийн ТҮК-д 4,659 тонн бодис, 5,603 тонн давс нөөцөлсөн. Энэ сарын 7-ны байдлаар 1,014.2 тонн бодис, 1,213 тонн давсны үлдэгдэлтэй байна.Энэ нь Улаанбаатар хотод хоёр сар асуудалгүй хүрэлцэнэ. Хятадаас бодис орж ирсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр хайлж байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ оноос хот нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжиж байгаа бөгөөд бодис давс, техник төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Иргэд олон нийт тухайн дүүрэг рүү хандах хэрэгтэй. Засаг дарга нар ажлаа хэр хийж байгаа талаар хамтарч ажиллах нь зүйтэй.

Дүүргүүд хурдтай зохион байгуулалтад орвол ажлын явц хурдтай байна. Захирагчийн ажлын алба зөвхөн хяналт тавьж, бодлогын асуудал дээр төвлөрч ажиллахаар болсон.

Орсон цасыг эхлээд тэгшилж авна. Үлдсэн гадаргуу дээр бодис цацна. Үүний дараа хусах ажил явагдах ёстой. Зарим нэг газар дээр шинэ тоног төхөөрөмж очиж байгаа учраас хийгдээгүй байсан зүйл бий. Өнөөдрөөс жигдрээд явах бололцоотой болсон. Бодисыг өдөрт нэг удаа, давсыг өндөрлөг газарт 1-3 удаа цацах чиглэл өгсөн.

Халтиргаа гулгаа байгаа учраас иргэд ААН-үүд ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэмээр байна. Мөн байшин хороолол дунд байгаа СӨХ-д иргэд шаардлага тавих хэрэгтэй. Бид СӨХ-д шаардлага тавих хууль зүйн боломжгүй.

Сансарын туннельд 2, 3 машин халтиргаа гулгаанаас болж мөргөлдсөн. Тус зам талбайг хариуцаж байсан хувийн хэвшил нь өглөө давс, бодисоо цацсан. Харин орой нь цацаагүй байсан учраас арга хэмжээ авсан” гэв.

“ТУХАЙН БАЙРНЫ УРД ТАЛЫН НОГООН БАЙГУУЛАМЖ, ЯВГАН ЗАМ, АВТО ЗОГСООЛ ДЭЭР ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮССЭН БАЙВАЛ СӨХ-ДОО ШААРДЛАГА ТАВИХ ЁСТОЙ”

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хот нийтийн ажил дүүргүүдтэй шилжсэнтэй холбогдуулан “Өмнө нь Хот тохижилтын газар, дүүргүүд, Захирагчийн ажлын алба хэсэгчлэн хариуцдаг байсан болохоор ойлгомжгүй асуудал гардаг байсан.

Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт цас, халтиргаа гулгаа байвал ажил хариуцсан хүмүүс хариуцлагагүй хийж байна гэж болно. Олон нийтэд дүүргийн халтиргаа гулгаа, цэвэрлэгээ үйлчилгээ хариуцаж буй хүмүүсийн утас, цахим хуудсыг нээлттэй зарлаад явна.

Мөн олон нийт өмчийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тухайн дүүрэг болон нийслэлээс хариуцна. Тухайн байрны урд талын ногоон байгууламж, явган зам, авто зогсоол дээр халтиргаа гулгаа үүссэн байвал СӨХ-доо шаардлага тавих ёстой” хэмээн ярив.