“Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр
- Малчдын НДШ-ийн 50 хувь
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчийн аль нэгнийх нь НДШ-ийг төрөөс 100 хувь хариуцах болсныг танилцуулав.
Тус хуулийн заалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тэрбээр “Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажил хийхэд хүндрэлтэй байдаг.
Хүүхдээ асарч байгаад дараа нь тэтгэвэргүй, тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдэхгүй байх асуудал үүсдэг. Иймд дээрх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж ирсэн.
Түүнчлэн малчны шимтгэлийн 50 хувийг төр таван жилийн хугацаанд хариуцах заалтыг оруулсан.
Малаа маллаж, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж, хөдөө амьдарч буй малчдын тухайд хуулийн зүйл заалт хамаарна. Гэхдээ малчин өөрөө заавал шимтгэлийнхээ 50 хувийг төлсөн тохиолдолд төр 50 хувийг нь хариуцна. Хэрэв малчин өөрийн 50 хувийг төлөөгүй бол төр үлдсэн хувийг хариуцахгүй.
Өнөөдөр хөдөлмөрийн насны 280 гаруй малчин байна. Тэдний 25 орчим хувь нь л Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлдөг. Энэ хүмүүс ирээдүйд халамжийн тэтгэвэр авах гэж байна.
Халамжийн тэтгэвэр гэдэг бол өнөөдрийн татвар төлөгчийн мөнгөнөөс шууд олгож байгаа тэтгэвэр юм.
Хэрвээ малчид таван жил 50 хувийн шимтгэлээ төлөөд цааш үргэлжлүүлэн таван жил шимтгэл төлөөд явбал Нийгмийн Даатгалын Сан (НДС)-нд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Ингэснээр малчид НДС-аас тэтгэвэр авах хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөл оруулж, батлагдсан” хэмээв.
“А данстай, хөдөө орон нутагт амьдарч байгаа мал бүхий иргэдийг хамруулна”
Уулзалтын үеэр малчдын НДШ-ийн тал хувийг төр хариуцах болсон шалтгааныг сэтгүүлчид тодруулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариулт өгөхдөө “Малтай хүн болгоны НДШ-ийг улсаас даах юм шиг бодоод байна.
Жишээлбэл төрийн албан хаагч хүн ч Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ)-ээ малтай байж болно. Гэхдээ тэр хүн 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг биш.
Үүнд А данстай, хөдөө орон нутагт амьдарч байгаа мал бүхий иргэдийг хамруулна.
Хэрэв малчид НДШ төлөхгүй бол халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс болно. Халамжийн тэтгэвэр нь 100 хувь улсын төсвөөс гардаг.
Энэхүү 50 хувийн хөнгөлөлтөд бүх малчин 100 хувь хамрагдахад жилд төсөв дээр 25 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Үгүй гэвэл, ирээдүйд 12 их наяд орчим төгрөгийн ачаалал төсөвт ирнэ.
Иймд малчид бага ч болтугай хуримтлал оруулж, сайн дураар шимтгэлээ төлөх нь чухал” гэлээ.
0 cэтгэгдэлтэй