Ким Жон Уныг охин нь залгамжлах магадлал улам нэмэгдэж, дүү нь анхаарлын төвөөс холдож байна

timelive.mn 2024-01-9

Судлаачдын ажиглалтаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жү Эг тодруулах магадлал улам нэмэгдэж байгаа ажээ.

2022 оны сүүлээс эхлэн Ким Жон Ун охиноо олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохдоо байнга дагуулж явах болсон. Үүнээс өмнө түүний эмэгтэй дүү Ким Ёо Жон удирдагчийн ширээг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогдож байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Ким Жон Уныг залгамжлах хүн түүний дүү биш, охин байх магадлал улам нэмэгдсэнтэй Өмнөд Солонгосын тагнуулын алба болон судлаач мэргэжилтнүүд санал нэг байна.

Тухайлбал өчигдөр буюу Даваа гарагт Умард Солонгосын төв хэвлэл Родон Шинмүн сонинд Ким Жон Ун охинтойгоо хамт шувууны шинэ фермийн үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээ нийтлэгджээ.

Ингэхдээ Ким Жон Ун болон түүний охины нэрийг онцгойлон өргөмжилсөн бол удирдагчийн эгч Ким Ёо Жоны нэрийг бусад дагалдсан явсан албан тушаалтнуудын нэрсийн дунд дурдах төдий өнгөрсөн байна.

Шинэ он гарсны дараах хэдхэн хоногийн хугацаанд Родон Шинмүн сонин гурав дахь удаагаа Ким Жон Уны охинтойгоо оролцсон арга хэмжээний тухай мэдээлсэн нь энэ юм.

Энэ нь Ким Жү Э охин Умард Солонгосын улс төрд чухал үүрэгтэй болсны илрэл гэж судлаачид үзэж байна.

зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун охин дүү Ким Ёо Жоны хамт

“Сүүлийн нэг жилийн турш цацагдсан мэдээллээс хараад Ким Жү Э засгийн эрхэнд гарах замдаа орсон нь тодорхой болсон гэж би бодож байна. Магадлал 70-аас дээш хувьтай” гэж Умард Солонгосын дипломатч асан Ко Ён Хван ярьжээ.

“Энэ хооронд Ким Ёо Жон ямар нэг шалтгаанаар анхаарлын төвөөс холдож байна. Тэр өөрийн хүслээр ингэж байж болзошгүй. Одоогийн удирдагчийн авга ах Чан Сон Тэк хэрхэн алагдсаныг мэддэг хүний хувьд ингэх нь түүний хувьд илүү аюулгүй байгаа байх” гэж тэр нэмж тайлбарласан байна.

“2022 оны арваннэгдүгээр сараас хойш Умард Солонгосын хэвлэлүүд Ким Жү Эгийн талаар 24 удаа мэдээлсэн. Үүний 21 нь батлан хамгаалах салбартай холбоотой байлаа. Ингэх бүрдээ түүний байр суурийг бусад албан тушаалтнуудаас илүү онцолж байсан. Тэгвэл он гарснаас хойш гурван удаа мэдээлэхдээ хоёрт нь цэрэг дайны бус, аж ахуйн салбарын үйл ажиллагаанд оролцсоныг нь мэдээллээ. Энэ бүхэн 2024 онд түүний эрх мэдэл улам өргөжихийг харуулж байна” гэж Өмнөд Солонгосын Сэжон Хүрээлэнгийн ахлах судлаач Чон Сон Чан ярьжээ

Эх сурвалж: Korea Times