УИХ-ын намрын чуулганы маргаашийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Үүний дараа Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл”-тэй холбоотой буруу мэдээлэл өгч байгаа талаар Төрийн ордноос хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн оноос эхэлж Ч.Хүрэлбаатар Хятадын эрлийз гэсэн гүтгэлэг, дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгож байна гэсэн мэдээлэл өгч байсан.
Энэ бүх гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирлээ. Өнөөдөр эзэн нь хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх байхыг УИХ-ын дарга ярьж байна.
Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед би нийт долоон удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэдэн зүйлийг хэлье. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр гадаадын хөрөнгө оруулалт. Манай улс их хөрөнгө оруулалттай байсны дараа хөгжинө. Үүний дараа ард иргэдийн орлого нэмэгдэж, гадаадад ажиллаж буй залуучууд эх орондоо ажиллах боломж нь бүрдэнэ.
Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Одоогийн арилжаа банкны хүү өндөр, олддоггүй. Гаднын банк орж ирснээр өрсөлдөөн бий болж хүү буурна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль, эмнэлгүүд Монгол Улсад байгуулагдаасай.
Би Ардчилсан Нам(АН)-ыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж буй хүмүүсийн санаачилгыг дэмжих ёстой. Юмыг хааж боосноор хөгжихгүй. Төрийн бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ажил явах ёстой.
Уул уурхай, тээврээс бусад салбарт эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа. Тиймээс эдийн засгийн өсөлтийн мөнгө айл өрхийн хаалгаар ороход удаад байгаа юм. Монгол Улсын залуусыг өнөөдрийн байдалтайгаа эвлэрээд сууж байгаа гэдэгт итгэхгүй байна.
Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх боллоо гэсэн гүтгэлэг тараасан. 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалт оруулсан хүмүүст газрыг 60 жилээр ашиглуулна, түүнийг нэг удаад 40 жилээр сунгана гэж баталсан. Өөрөөр хэлбэл 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байх үед гадаадуудад 100 жилээр газар өгч болно гэдэг хуулийг баталсан. Энэ үед би МУИС-ийн багш байсан.
2013 онд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, З.Энхболд УИХ-ын даргаар, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед газрыг 60 жилээр хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлж болно гэдэг заалт оруулсан.
Өнөөдрийн хэвлэл хурал хийж ил гарч ирсэн хүн тэр үед Засгийн газарт ажиллаж байсан. Тэр хүмүүс өөрсдөө хийчхээд, энэ хуулийг засаж янзлах гэж буй хүн руу харлуулах, гүтгэлэг тараасан.
Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ) боловсруулсан энэ удаагийн хуулиар 2013 оны эзэмшүүлэх гэсэн хуулийг хасаж ашиглуулах болгож өөрчилсөн заалтыг оруулсан байгаа.
Машинтай хүн ирэнгүүт оршин суух виз олгодог гэсэн нь гүтгэлэг, энгийн иргэдэд буруу мэдээлэл өгсөн. ЭЗХЯ-ны хууль бол хөрөнгө оруулалтын тухай юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын бүх хөнгөлүүлэлтүүдийг авч хаясан. Татварын холбоотой асуудал зөвхөн татварын тухай хуулиар зохицуулагдана” хэмээн ярилаа.
0 cэтгэгдэлтэй