Хүргэлт ирлээ шоу нэвтрүүлэгт гардаг шиг малчин айлууд гадаадынхны сонирхлыг үнэхээр их татаж байна

timelive.mn 2024-01-12

Булган аймагт хэрэгжиж эхэлсэн “Нэг жуулчин-нэг хонь” төслийн талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан мэдээлэл өглөө. 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг тэрбээр хэлсэн юм. 

Энэ талаар “Малчин айлд жуулчид очиход тэндээс үйлчилгээ авч байгаа гэсэн үг. Тухайн айл илүү гэртэй, гэр нь тохижилттой бол хонож, байрлаж, хоол ундаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

 

Үйлчилгээний хөлсөнд нь хонины үнэ багтсан гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа процесс дандаа хөдөө орон нутаг, жуулчны баазад түшиглэж буй. Гэтэл жуулчны баазын хүрэлцээ хүртээмж зорилтот гоё газрууддаа байна уу гэвэл, үгүй.

Тухайлбал Өмнөговь, Хөвсгөл, Архангай гэсэн тодорхой цэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа явагддаг. Монгол Улс маш өргөн уудам газартай, гадаадын жуулчдад үзүүлэх харуулах зүйлс маш их. Гэвч жуулчид очиж чадахгүй, очихоор хонох газар байхгүй, үйлчлүүлэх газар хомс.

“Жуулчид” гэх энэ том ойлголтоос хүн бүр ашиг хүртэхийг хүсэж байгаа. Ялангуяа нутгийн иргэд ашиг хүртэхийг хүсэж байна. Үүнийг холбох холбоосыг уялдуулж гаргаж ирэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээв.

“Жуулчдад хонь өгч, Хөх сүрэг аппликэйшнээр хянаад явах боломжийг бий болгож байна”

Үргэлжлүүлэн “Малчин айл өрхүүд маш том үнэт зүйл.

Хүргэлт ирлээ шоу нэвтрүүлэгт гардаг шиг малчин айлууд гадаадынхны сонирхлыг үнэхээр их татаж байна.

Энэ ярианаас үндэслээд малчин айлууд жуулчдаас орлого олох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа.

Жишээ нь Nas Daily-гаас ирсэн дөрвөн инфлүэнсерт хонь өгсөн. Малчин айлд очоод үйлчлүүлж байгаа төлбөрт нь хонь шингэсэн гэсэн үг. Одоогийн зах зээлийн ханшаар хонь 100,000 төгрөгийн үнэтэй байгаа.

Урьд нь ийм жишиг байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй гэх яриа гараад буй. Тэр үед малчид онлайнаар холбогдож чаддаггүй байсан.

Харин одоо “Хөх сүрэг” аппликэйшнийг ашиглаж эргэх холбоотой ажиллаж байна. Тухайн хонийг зүсэлж аваад тамга тавиад “танай хонь” гэж хэлээд өгч байгаа.

Улмаар тухай аппликэйшн дээр зураг хөргөө авхуулаад утсан дээр нь аппликэйшнийг нь татаад өгнө. Ингээд хоёрлосон, гуравласан харилцаа үүсэж, хонио хянаад явах боломж бий болж буй.

Үүнийг Булган аймгаас эхлэн хэрэгжүүлж байна. Цаашдаа Архангай аймагтай “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар төлөвлөж байгаа” гэлээ.