Исландад галт уул дэлбэрч, халуун лаавын урсгал загасчдын сууринд хүрэв

timelive.mn 2024-01-15

Ням гарагт Исланд улсын баруун өмнөд хэсэгт галт уул дэлбэрсний улмаас халуун лаавын урсгал загасчдын жижиг хотод хүрч, зарим байшингуудыг шатаажээ.

Галт уулын дэлбэрэлтээс өмнөхөн Гриндавик хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тул хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

“Хүний амь нас эрсдэлд ороогүй ч дэд бүтэц аюулд ойрхон байна” гэж Исландын ерөнхийлөгч Гудни Йоханнессон сошиал хуудсандаа бичжээ.

Гриндавик хотоос хойд зүгт оршдог галт уул Ням гарагийн өглөө дэлбэрсэн нь сүүлийн нэг сар хүрэхгүй хугацааны хоёр дахь дэлбэрэлт болсон юм.

Дэлбэрэлтээс хэдхэн цагийн өмнө хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд эрх баригчид Гриндавикийг хамгаалахын тулд чулуу, шороон далангуудыг босгож байсан ч энэ нь лаавын урсгалыг тогтоож дийлээгүй байна. Гриндавик нь Исландын нийслэл Рейкьявик хотоос баруун өмнө зүгт 40 км зайтай оршдог.

Арванхоёрдугаар сарын 18-нд болсон өмнөх дэлбэрэлтийн үеэр Гриндавикийн 4,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байжээ.

Сүүлд 100 гаруй хүн хотод буцаж очоод байсныг өчигдөр дахин нүүлгэсэн байна.

Атлантын далайн хойд хэсэгт оршдог Исланд арал улс нь 103,000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (ойролцоогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэртэй тэнцүү) боловч 30 гаруй идэвхтэй галт уултай юм.

2010 онд арлын өмнөд хэсгийн Эйафяллайокулл галт уул дэлбэрсний улмаас агаарт цацагдсан их үнс нурам Европ тивийн томоохон хэсгийг бүрхэж, 100,000 орчим нислэг цуцлагдаж байв.

Энэ удаа дэлбэрсэн Рейкянес галт уулын систем Эйафяллайокулл шиг мөсөн бүрхүүлгүй тул тийм хэмжээний үнс нурам агаар мандалд цацагдахгүй юм байна.

 

Эх сурвалж: Reuters