Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар сонслоо.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаа. Дөрвөн үе шаттай хэрэгжиж буй төслийн аймаг, сум дахь явцын дэлгэрэнгүй тайланг УИХ-ын бүх гишүүнд хүргүүлсэн.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан.
“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачилгаар “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ.
Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжид 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон.
Байнгын объектыг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектын ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжид 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон.
Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан” гэв.
Танилцуулгын дараа гишүүд асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол?
Сайд Л.Энх-Амгалан: Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж хэлэх ёстой. Эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарлачихсан учраас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Улс оронд томоохон ажил хийж байгааг бид сонслоо. Барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг. Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах эсэх тодорхойгүй байгааг анхаараарай.
Сайд Л.Энх-Амгалан: Ажил удааширсан тухайд хүлээн зөвшөөрнө, энэ тухай дахиж яримааргүй байна. Зарим газарт гэрээ цуцалсан тохиолдол бий.
БЕГ-ын дарга Т.Ням-Очир: Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлагыг тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байгаа.
Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Ариун цэврийн байгууламжуудыг цаашид хэвийн ажиллуулахад хэрхэн анхаарч, хэвийн үйл ажиллагааг хангасан, сантехникийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэсэн үү?
БШУЯ: Төслийг Аймгийн Засаг дарга нар хариуцаж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир: Энэ төсөл нь их чухал ажил үйлчилгээ болохыг онцлоод, бүх суманд баригдаж байгаа объектуудын явцыг хянаж чадаж байгаа юу?. Баян-Өлгий аймагт нэгэн сургуулийн захирлыг хууль бусаар томилсон хэмээн суулт зарласан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулж, гомдлыг шалгаж өгөхийг хүсэв.
БШУЯ: Барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч, байнгын мэдээлэлтэй хяналттай байгаа. Баян-Өлгий аймгийн багшийн асуудлыг аймгийн боловсролын газарт уламжилсан. Суулт зарлахтай холбоотой аймгийн холбогдох газруудтай холбоо барьсан, шаардлагатай арга хэмжээ авч, хариу өгнө.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, төслийг санаачлагчийн хувьд хэт ерөнхий хариулт сонсохгүй, хэрвээ дахиж ийм бүдүүн тойм мэдээлэлтэй өгч, ажлаа хийхгүй, цалгардуулах бол хариуцлага тооцно.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна. Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм.
Завхан аймгийн Тэс суманд барьсан ариун цэврийн байгууламж нь стандартын бус хэмжээтэй байсан. Гүйцэтгэсэн компанид нь хариуцлага тооцож, үүрэг хүлээсэн албан хаагчдад анхаарахыг, гүйцэтгэлээ хянаж, өөрсдөө шалгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан дахин сануулж, санал, гомдол хүлээж суух хэрэггүй хэмээн шүүмжлэв.
Гишүүд салбарын сайдыг уг асуудалд анхаарч, Дэд ажлын хэсэгт гүйцэтгэлээ шуурхайлахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймгийн Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед ариун цэврийн байгууламжийг байгуулсан эсэхийг хянах зэргээр нөлөөлөхийг сануулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
0 cэтгэгдэлтэй