Газ дэлбэрсний улмаас галд өртсөн иргэдийн зарим нь Түлэнхийн төвд эмчлүүлж байна. Тухайн эмчлүүлэгчдийг ар гэрийнхэн болоод ойрын хамаарал бүхий хүмүүс эргэж буй юм. Энэ үеэр Д.Мөнх-Эрдэнэ ирсэн байна. Түүнээс цөөн асуултад хариулт авав.
-Таны хамаарал бүхийн хүн шөнийн осолд өртөө юу?
-Манай найз дүүтэйгээ хамт өртөөд энд ирсэн байна. Түлэгдэлт нь 50-60 хувьтай гэнэ. Бусад хүмүүс ч нэлээд хүнд байх шиг байна. Зарим нь 90 хувийн түлэгдэлттэй гээд ноцтой зүйлүүд дуулдаад байна. Иргэн хүний хувьд бодоход энэ стандарттай холбоотой асуудал. Стандарт мөрдөгдөхөө болиод удаж байгаагийн нэг хэлбэр. Ер нь гал усны зовлон хэцүү. Дээрээс нь газар хөдөлбөл яах вэ. Улаанбаатар маань стандартгүй болоод удаж байна. Үүн дээр улс төржсөн гэхээсээ илүүтэйгээр бодит байдал ийм байна. Ер нь шатах тослох материалын агуулах нь Улаанбаатараас хол, хот суурингаас хол зэлүүд газар байх ёстой. Тийм стандарттай. Хот төв рүү зөөхдөө 1-2 тонноор л зөөх ёстой. Яагаад хотод 60 тн аюултай бодис тээвэрлээд явав. Энэ бол ноцтой асуудал. Үүний стандартыг хаанаас тогтоож өгдөг юм бэ. Жишээ нь, японд 1 тонноор л жижиг жижиг машин хот дотор түгээлтээ хийгээд явж байдаг. 1 тн болоод 60 тн зөөвөрлөж явахад хор хөнөөлийн асар их зөрүү гарна биз дээ. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 3/1 нь буюу сая гаруй хүн амьдарч байна. Ингэж бөөгнөрсөн хүн ам ихтэй суурьшлын газарт стандартын дагуу аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна шүү дээ. Осол гарсан цаг шөнийн 01:00 цаг. Өдөр гарсан бол яах вэ. Түгжирчихсэн, түгжрээнд болсон бол яах вэ. Энэ бол наад захын асуудал. Цаашдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хотхоны хажууд бараг байшин болгоны хажууд шатахуун түгээх станц байгаа. Улаам цайм сургуулийн дэргэд барьчихсан. Хүүхдүүдийн биеийн тамирын талбайн хажууд хүүхдүүд бензин үнэртээд байна гээд цонхоо онгойлгоход тоодоггүй юм билээ. Нийслэлд хүсэлт өгөөд хэмжүүлж байсан. Шатахуун үнэртээд байна гэж дүгнэлт гаргасан байцаагчийг нь ажлаас нь халаад хаячихсан байгаа юм. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ. Ус хийсэн ч сэгсэрнэ. Хэлээд ерөөсөө тоохгүй. Заавал нэг асуудал гаргаж байж л “Өө ийм юм болчихож уу” гэж анхаардаг. Ийм мэлрээ байдалтай л байна. Жишээ нь хотын төвд колонк байна. Байхдаа тодорхой заагдсан газар, иргэдийн байх газраас зайтай байх ёстой. Хотын төвийн шатахуун түгээх станцуудыг тоол. Байшин болгоны гадаа 100 метрийн зайтай л байгаа. Нэг шатахуун түгээх газрын орлогыг бодож нийтээрээ дэлбэрэх үү, тэсрэх үү. Амьд байх баталгаа алга. Оршин суугчид гэртээ амгалан тайван амьдарч байгаад л золгүй явдалд өртөж байна шүү дээ. Нөгөө Үндсэн хуулийн монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрана гэсэн заалт хаана байна. Үндсэн хуультай уялдаж бусад хуулиуд гардаг. Батлагддаг. Энэ стандартууд, журмууд гардаг юм. Өнөөдөр манай аав шиг хөгшин жолооч тээврийн хэрэгсэл бариад явж байна. Хөөрхий тэр хөгшин хүнийг буруутгах аргагүй. Гэхдээ яагаад тэр хөгшин хүнээр тээврийн хэрэгсэл бариулаад шөнө, орой явуулав. Үүн дээр хариуцлага тооцох ёстой шүү дээ. Хөгшин хүний анхаарал сэрэмж, хурд хөдөлгөөн гээд бүх зүйл багасдаг.
-Ар гэрийнхэн нь яасан бол?
-Би энд найзыгаа сахиад аав ээжтэй нь хамт байна. Ар гэрийнхнийг нь нүүлгэн шилжүүлсэн гэсэн. Гал хэзээ, хаана ч ямар ч байдлаар гарч болно. Одоо шамбааралдуулаад барьчихсан барилгуудыг хар. Хот төлөвлөлт ямар байгааг хүмүүс мэдэж байгаа. Байшин хооронд 16 метрийн зайтай байна гэсэн стандарт бий. Стандарт мөн үү мөн. 1 метрийн зайтай цонхыг нь хаагаад бариад байна шүү дээ. Мэлрээ юм шиг 30 жил харж сууж бариуллаа. Үүний ард юу яригдах вэ. Авлигал яригдана. Стандарт хэрэгжүүлдэг газар аливаа нэг осол гарахад тэр ослын улмаас олон хүний амь нас эрсэдсэн байвал түүнд хариуцлага тооцохдоо тухайн алба хаагчийг хятадад бол шууд цаазлана. Нөхдүүдэд эрүүгийн хариуцлага үүрүүлж ялыг нь өг. Алийн болгон осол эндэгдэл гардаг. Гарсных нь тоогоор толгойг нь илээд өнгөрөөх вэ. Нийслэлийн засаг дарга, эрх бүхий газрын албаны дарга, мэргэжлийн хяналтын дарга бүгдийг нь шалга. Замбараагүй юм гарна. Хотод хүн эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга.
0 cэтгэгдэлтэй